Нийслэлийн Прокурорын Газар (НПГ)-аас өнгөрсөн онд хар тамхины хэргээр 297 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг үйлдэж яллагдагчаар татсан хүмүүсийн 69.5 хувь нь 18-30 насныхан байсныг анхааруулав.
Энэ төрлийн гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Төмөрбат дараах мэдээллийг хүргэжээ.
Тэрбээр хэлэхдээ "Өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж амь насаа алдсан харамсалтай найман тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг 2024 оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан ч энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн хүүхэд залуус өртөж хохирох тохиолдол их байна.
Өөрөөр хэлбэл энгийн эмийг мансууруулах зорилгоор урвуулан хэрэглэж, эд эрхтнээ тайруулах, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна.
Сүүлийн есөн жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт хийсэн дүн шинжилгээгээр нийт 91 орчим хувь нь 13-35 орчим насны иргэд холбогдсон байна.
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Цаашлаад хүн амын удмын сан, ирээдүйд учрах нийтийн аюул юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй дан ганц хууль хяналтын байгууллага тэмцэх биш төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо нэн чухал.
Иргэн бүр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэдээ мэдээлэлтэй байх, хамтдаа сэргийлэх хэрэгцээ шаардлага байгаа" гэв.
2025 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан мансуурах зөрчил үйлдсэн 380 хүнд шийтгэл оногдуулжээ.
Хэрэг зөрчилд холбогдогчид ихэвчлэн хууль эрх зүйн мэдлэггүй, ял шийтгэлийн тухай ойлголтгүй “Ганцхан удаа хэрэглэсэн” гэдэг тайлбарыг өгдөг ч эдгээр нь хуулийн хариуцлага хүлээхгүй байх үндэслэл биш гэдгийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!