Мал эмнэлгийн салбарынхан өнөөгийн нөхцөл байдал болон энэ салбарын талаарх хуулийн бүрхэг заалтуудыг шүүмжлэн өнөөдөр тайван жагсаал зохион байгууллаа.
Малын эмч нарын төлөөлөл "Монголын мал эмнэлгийг хувьчлаад 27 жил боллоо. Үүнээс хойш хөгжил байхгүй байна. Мал эмнэлгийн нөхцөл байдал шалан дээр хэвтлээ. Нийт энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 60-70 хувь нь өндөр настнууд бөгөөд тэтгэврийн насны хүмүүс үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна.
Одоо төгсөж байгаа залуучууд ямар ч дэмжлэг байхгүй энэ салбарт суманд очиж ажиллах сонирхолгүй байна. Хөдөө ажиллах хүн олдохгүй болж, малын эмчгүй болж байна. Иймд мал эмнэлгийн салбарыг харж, дэмжээч ээ" гэв.
Мөн дараах зүйлсийг онцлов.
- Хувийн мал эмнэлгийн бизнесийн сүлжээ алдагдсан буюу төрд дараа төлбөрт үйлчилгээг олон жил хэрэгжүүлсний улмаас энэ салбарын бизнес урагшлахгүй байна.
- Мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа ажиллагсдын бараг тал нь 50-аас дээш насныхан байна. Мал төрийн хамгаалалтад байгаа юм бол ажилтан мэргэжилтнүүдийг ч дэмжих ёстой.
- Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд мэргэжлийн бус хуулийн этгээд мал эмнэлгийн үйлчилгээ ажиллуулж болохоор заасныг хасуулахаар уламжилж байна.
- Мал эмнэлгийн тогтолцооны улсын болон орон нутгийн санхүүжилтийг тухай бүрд нь гэрээний үндсэн дээр урьдчилгаа хэлбэрээр өгдөг байх хэрэгтэй байна.
- Хувийн мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжсэн санхүүжилт хэрэгтэй байна. ЖДҮ, Шинэ хоршоо төсөл, Ногоон зээл зэргийг мал эмнэлэгт олгодог байх хэрэгтэй байна.
- Жил ирэх тусам бэлчээрийн даацдаа тохируулж малын тоо толгойг цөөлөх шаардлага үүсэж байна. Улмаар малын эмчийн үйл ажиллагаа багасна. Иймд мал эмнэлгийн тогтолцоог бүрэн өөрчлөхгүй бол энэ хэлбэрээр олон жил явахгүй.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!