Нийслэл хотод өнгөрсөн шөнө орсон цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.
Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846,420 м.кв зам талбайг нийт найман байгууллагын 178 ажилтан 18 машин техник, 50 бичил төхөөрөмжтэйгөөр цэвэрлэж байна. Авто зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 61 тонн давс, 49 тонн бодис, 20 тонн дайрга цацсан бөгөөд Ар Гүнтийн даваа, Баруун турууны давааны зорчих хөдөлгөөн хэвийн, Найрамдал, Баруунсалаа, Зүүнсалааны зуслангийн бүсээр цас шуурсан байдалтай, төвийн болон Баянхошуу, Толгойтын гэр хорооллын замуудад зорчих хэсгийн хөдөлгөөн хэвийн байна.
Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын 280 ажилтан нуухны машин, давс, бодисын машин зэрэг 41 машин техник, 75 бичил төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна.
Морингийн даваа, Айцын даваа, гүүрнүүдэд давс, бодис цацах ажил үргэлжилж байна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж, 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байна гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!