Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт /2026.01.04/ гарсан хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийгмийг цочроосон онц ноцтой хэрэг гарсан. Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан байсан. Гэтэл уг арга хэмжээг авсны дараа энэ үйл явдал болсон. Үүнтэй холбоотойгоор эрх зүйн орчны хүрээнд нэн яаралтай засаж залруулах зүйл байна. Тиймээс ХЗДС-ын тушаалаар өчигдөр /2026.01.07/ шуурхай ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн хууль дахь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний үр нөлөө эрүүгийн хариуцлагын гол зорилгодоо нийцэж чадаж байна уу үгүй юу гэдэгт дүгнэлт хийж, хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн.
Дахин энэ төрлийн нийгмийг цочроосон гэмт хэрэг гарах ёсгүй.
Боловсруулсан хуулийн төслийн ирэх хаврын чуулганд өргөн мэдүүлж, батлуулахын төлөө ажиллана.
Гарсан гэмт хэргийн тухайд Цагдаагийн Ерөнхий Газрын /ЦЕГ/ тэргүүн дэд даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч шалгаж байгаа.
Эрүүгийн цагдаа болон мөрдөн шалгах байгууллагын хамтарсан уг ажлын хэсэг тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгаж тогтооно. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хуулийн дагуу авагдсан уу үгүй юу, шинжээчийн дүгнэлт бодитой үнэн зөв байсан уу гэдгийг нягталж шалгах ёстой.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /СЭМҮТ/-ийн хатуу хяналтад байх ёстой этгээд ямар үндэслэл, дүгнэлтийн хүрээнд албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөж, гадуур сул чөлөөтэй явсан бэ гэдгийг шалгана.
Өнөөдрийн байдлаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /СЭМҮТ/-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 257 хүн байна. Жилд дунджаар 30 орчин хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагддаг гэсэн судалгаа бий.
Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан буюу тухайн үйлдлийнхээ бодит аюул, хор уршиг, үр дагаврыг ухамсарлах чадваргүй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, эмнэлгийн хатуу хяналтад байлгадаг. Шүүхээс уг арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг зааж өгдөг.
Сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадваргүй хүмүүсийг тусгайлан байлгадаг төв Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас үзэж байгаа. Тиймээс энэ төвийг байгуулах, зураг төслийг нь боловсруулах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Уг төвийг СЭМҮТ-ийн газар дээр байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Энэ ажлыг шуурхай эхлүүлэх болно.
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүнийг эдгэрсэн гэж үзвэл ар гэрт нь хүлээлгэн өгдөг. Ингэхдээ тухайн хүний ар гэрийнхэнд үүрэг хариуцлага гэж байх ёстой” гэлээ.
Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах “Прокурорын зүгээс зөвшөөрсөн хэмжээнд энэхүү харамсалтай хэргийн талаар мэдээлэл хүргэж байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны нэгдүгээр сарын 4-ний 10:54 цагт хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ирсэн. Хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явагдсан.
07:55-10:52 цагийн хооронд 30 настай жирэмсэн байсан М, түүний охин 4 настай А нар хутгалуулж нас барсан. Мөн 3 настай эмэгтэй А гар, сарвуу, нуруундаа хутгалуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, Цэргийн Төв Эмнэлэгт хүргэснээр гурван удаа мэс засал хийлгэсэн бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа.
Цагдаагийн байгууллага энэ хэрэгт онцгойлон ач холбогдол өгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүний дүнд тогтоогдсон нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх боломжгүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой эмзэг мэдээллийг хуулиар хязгаарласан байдаг.
2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс иргэн Б-г тухайн хэрэг холбогдуулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг арга хэмжээг 30 хоногийн хугацаатай авсан” гэдэг мэдээллийг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!