Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас (UN Tourism) гаргасан World Tourism Barometer, 2025 оны 11 дүгээр сар тайланд Монгол Улс аялал жуулчлалын салбарын сэргэлт, өсөлтийн үзүүлэлтээрээ дэлхийн шилдэг гүйцэтгэлтэй орнуудын нэг болохыг албан ёсоор баталгаажуулсан талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлжээ.
Тодруулбал тус тайланд дурдсанаар, 2025 оны эхний 9 сард Монгол Улсад ирсэн олон улсын жуулчдын тоо 2019 онтой харьцуулахад 44 хувиар өссөн нь цар тахлын өмнөх түвшнийг давж сэргэсэн, амжилттай орны нэг болсныг харуулсан байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн хэмжээнд жуулчдын урсгалаа хамгийн амжилттай сэргээсэн 20 орны жагсаалтад багтжээ.
UN Tourism-ийн мэдээллээр Ази, Номхон далайн бүс нутаг нийт дүнгээрээ цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс хараахан бүрэн сэргээгүй байгаа ч Монгол Улс уг бүсэд дундаж үзүүлэлтээс давсан өсөлт үзүүлж, сэргэлтийг амжилттай хурдасгасан орнуудын нэгээр нэрлэгдсэн байна.
Зөвхөн жуулчдын тоо өсөөд зогсохгүй эдийн засгийн өгөөж ч мэдэгдэхүйц нэмэгджээ. Тайланд дурдсанаар:
UN Tourism-ийн тайланд Монгол Улс олон улсын аяллын зах зээл дээр ч идэвхжил нэмэгдсэн орнуудын тоонд багтжээ. Тодруулбал, Монгол жуулчдын гадаадад зарцуулсан зардал 2019 онтой харьцуулахад 98 хувиар өссөн нь иргэдийн аяллын эрэлт, бүс нутгийн агаарын тээврийн холболт, олон улсын харилцаа идэвхжиж буйг илтгэж буй аж.
Эдгээр амжилт нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар тогтвортой өсөлтийн шинэ шатанд орсныг харуулж, цаашдын хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаанд чухал эерэг дохио болж байна гэдгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос онцолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!