Уншиж байна ...

Г.Ялалт: Одоо 17 настай энэ онд 18 хүрэх иргэн цэргийн бүртгэлд хамрагдана

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 11 цаг 25 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Монгол Улсын Батлан хамгаалах тухай болон дайчилгаа, цэргийн албаны тухай хуулийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа нэгдүгээр сарын 7-22-ны өдрийг дуустал явагдана.

Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой. Бүртгэлийг E-mongolia цахим сайтын "Цэргийн бүртгэл" цонхонд хандаж хийлгэх боломжтой.

Одоо 17 настай энэ онд 18 нас хүрэх иргэн цэргийн бүртгэлд хамрагдана.

Хэрэв иргэн интернэтгүй, цахимаар бүртгүүлэх боломжгүй бол харьяа хороо, дүүргийн байранд очиж бүртгүүлж болно. Мөн тухайн иргэн завгүй, гадаад, дотоодод томилолттой яваа бол ар гэрийн төлөөлөл очиж цэргийн бүртгэлийг хийлгэх нь хуулиар зөвшөөрөгдсөн. Хөдөө байгаа иргэн хотод ажил хөдөлмөр эрхлэх, худалдаа наймаа хийх, хувийн ажлаар яваа үедээ, хотын иргэд гадаадад томилолтоор явах үедээ цэргийн бүртгэлд хамрагдахгүй орхигдуулдаг.

Аливаа улс орон өөрийн өмч хөрөнгө, тодорхой нэгжүүдийг тоолдог. Жишээ нь цэргийн бүртгэл орон нутагт мал тооллогын үеэр өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан юм.

Харин нийслэлд нэгдүгээр сард зохион байгуулна. Цэргийн бүртгэлийг зохион байгуулснаар дайчилгааны нөөцийг шинэчлэн тогтоох, чанар байдалд дүн шинжилгээ хийдэг. Хоёрдугаарт иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх тодорхой ажлуудыг зохион байгуулснаар иргэнийг хугацаат цэргийн алба хаах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, тэдэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, ААН, байгууллагуудад Батлан хамгаалах хууль тогтоомж, үүргийн биелэлтийг бататгах, сануулах, хууль, онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг юм" гэж мэдээллээ.

зураг
 

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм байна.

Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.

Зарласан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахьд заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгодог байна.