Уншиж байна ...

Б.Энх-Оргил: 2025 оныг ялалтаар эхлүүлж, оны төгсгөлд дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг авч мөн Гавьяат тамирчин боллоо

М.Батчимэг, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 16 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. 

Энэ үеэр Shandas MMA клубын тамирчин холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргилыг Гавьяат тамирчин цолоор шагналаа. 

Тэрбээр "One Championship" холбооны холимог тулааны ангилалд аваргын бүсийг зүүсэн хоёр дахь Монгол тамирчин болсон юм. Мөн 68.3 кг-ын жинд аваргалсан гурав дахь ази, нийт зургаа дахь тамирчин болсон юм.

Б.Энх-Оргил "Ийм сайхан туурга тусгаар улсын иргэний хувьд энэ түүхэн өдөр төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж байгаадаа туйлын баяртай байна. 11 жилийн өмнөх багшийнхаа амжилтыг үргэлжлүүлсэндээ баяртай байгаа.

2025 оны нэгдүгээр сарын 6-нд тулаанаа ялалтаар эхлүүлж байсан бол оны төгсгөлийг мөн ялалтаар өндөрлөж Дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг авч мөн Гавьяат тамирчин боллоо. 

Түүнчлэн Степпелинк холдинг компанийн Ерөнхий захирал Ц.Мөнхтүвшин захирал спортын заал өмчилж өгөхөөр болсон. Энэ нь надад өгч байгаа том бэлгээс гадна монгол хүмүүсийн эрүүл мэндэд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж харж байгаа.

2026 онд хоёр тулаан хийх зорилт тавьсан байгаа. Бүсээ хамгаалахын тулд хүч хөдөлмөр гаргах болно" гэв.