Уншиж байна ...

Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн Газрын өнөөдрийн (2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд) хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Татварын багц хуулийн шинэчлэлээр

Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.

  1. Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувиар, үүнээс нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус НӨАТ-ыг хөнгөлж буцаан олгоно.
  2. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно.
  3. Бүх нийтээрээ тэгш, шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
  4. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ.
  5. Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болно.
  6. Бүх нийтээрээ шударга төлдөг татварын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үл хамааран татвар төлөгч хамгийн багадаа нэг хувиар татвар төлөх зохицуулалтыг тусгана.

Аж ахуйн нэгжийн татварын хэмжээг бууруулна

  1. Аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босгыг зургаан тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна.
  2. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд нэг хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө.
  3. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь НӨАТ-ын хялбаршуулсан горимд хамрагдаж, татвараа сараар бус улирлаар төлөх боломжтой болно.
  4. Аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ.
  5. Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасуулах эрхийг нээнэ.
  6. Аж ахуйн нэгжүүдийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг гурван сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжинэ.
  7. Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил, үйлчилгээний НӨАТ-ыг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ.
  8. Аж ахуйн нэгжийн гадаадад гарсан үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө.

Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дэмжинэ

  1. Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын бүтцийн шинэчлэл хийж, татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, танхимын болон цахим сургалтад тогтмол хамруулна.
  2. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан, 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажиллуулна.
  3. Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлж, түвшин буурах нөхцөл бүрдсэн, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгож, хууль даган мөрдөлтийн түвшин сайн албан татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хойшлуулна.
  4. Сүүлийн хоёр татварын жилд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн гурван сар хүртэлх хугацаагаар сунгах, өр төлөх хуваарийг харьяалах татварын албатай урьдчилан тохирно.
  5. Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтэд үндэслэн татварын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно.
  6. Гаалийн болон татварын албаны үйл ажиллагааг уялдуулж, хяналт, шалгалтын давхардлыг арилгах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ.
  7. Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татварын өртэй татвар төлөгчийн банк дахь дансыг бүхэлд нь хаах бус 80 хувийг битүүмжилж, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн төслүүдэд тусгажээ.

Татварын шинэчлэлийн хүрээнд Засгийн газар, УИХ-ын Ажлын хэсэг хамтран ажиллаж, 2025 оны турш бүх нийтийн санал авлаа. 13 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, 180 мянга орчим санал ирүүлсний 52 хувь нь татвар бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай байжээ.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар