Хүн худалдаалахтай тэмцэх нөхцөл байдлын тайлан (2024) хэвлэгдэн гарлаа
Нөхцөл байдлын тайлан боловсруулах замаар хүн худалдаалах гэмт хэргийн талаар үнэн бодит мэдээлэлд суурилсан дүн шинжилгээ хийж, түүнтэй тэмцэх арга замыг эрэлхийлдэг туршлага олон улсад байдаг. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх идэвх чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр жил тутамд тайлан боловсруулах ажлыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-т даалгаснаар 2009 оноос эхлэн Дэлхий дахин дахь хүн худалдаалах гэмт хэргийн тайлан гарах болж, өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 8 тайлан нийтийн хүртээл болжээ.
АНУ-ын тухайд 2000 онд батлагдсан Хүн худалдаалах гэмт хэрэгт болон хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах тухай хуульдаа хүн худалдаалахтай холбоотой тайланг гаргах тухай тусгасан. Тиймээс АНУ-ын Төрийн Департаментаас Хүн худалдаалах гэмт хэргийн тайлан (Trafficking in Persons Report)-г өнгөрсөн 25 жилийн хугацаанд жил бүр боловсруулан гаргасаар иржээ.
2020 оны 04 дүгээр сард Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департамент хооронд Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын хүн худалдаалахтай тэмцэх нөхцөл байдлын тайланг жил бүр боловсруулан гаргаж байна.
Өмнөх жилүүдэд 2019-2021, 2022-2023 оны хүн худалдаалахын нөхцөл байдал, энэхүү гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлын талаарх тайланг төслийг хэрэгжүүлж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран боловсруулж гаргасан. Тэгвэл энэ удаад 2024 оны тайлан хэвлэгдэн гарсныг та бүхэнд танилцуулж байна. Тайланд багтсан зарим чухал мэдээллийг инфографик байдлаар харууллаа.
“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл 2020-2025 оны хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага болон Азийн сан хамтран хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий удирдлагаар ханган, хамтран ажиллаж байна.
Энэхүү нийтлэл болон тайланг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн болно. Энд дурдагдсан үзэл бодол, үр дүн, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
