Уншиж байна ...

Монгол Улс улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх НҮБ-ын тогтоолыг батлууллаа

Редакцын бус нийтлэл
1 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал Катар Улсын Доха хотод арванхоёрдугаар сарын 15-19-ний өдрүүдэд боллоо. Тус хурлаар “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” НҮБ-ын тогтоолыг Монгол Улс Албани, Гана, Норвеги улстай хамтран санаачилж, нийтийн зөвшилцлөөр буюу конвенцын нийт 192 гишүүн орны дэмжлэгийг авч батлуулсан байна.

Уг тогтоолоор “иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээсэн конвенцын суурь зарчмыг олон улсын түвшинд бататгав. Тогтоолыг батлуулахад 60 гаруй улс хамтран зохиогч болж нэгджээ. Монгол Улсын Засгийн газар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэмд шударга ёсыг тогтоох, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулах, төрийн хүнд суртлыг арилгаж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, баялгийн хулгайтай тэмцэх чиглэлээр бодитой алхмууд хийж буй.

Энэ хүрээнд авлигын төсөөллийн индекст нөлөөлж буй хүчин зүйлстэй холбоотойгоор “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоолыг батлуулахад хамтран зохиогчоор оролцсон байна. Улс төрийн нам, нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг ил тод болгох нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн хувьд авлигатай тэмцэх хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ардчиллыг хамгаалж, хүний эрхийг хангах чухал шалгуур болдог.

Монгол Улсын хувьд дээрх тогтоол нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах зэргээр НҮБ болон холбогдох олон улсын байгууллагын техникийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой юм.