Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Уг хурлаар Оюутолгойн сонсголын тайлан дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаар хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ долоо хоногт Хянан шалгах түр хорооны тайлан болон санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр байгаа. Үүнтэй холбогдуулан бүлгийн хурлаар Хянан шалгах түр хорооны ажлын талаар мэдээлэл өгсөн.
Түр хороо бүтэн зургаан сар ажилласны үр дүнд 20 орчим шинжээчийн дүгнэлттэй танилцаж, тайлан гэх баримт бичгийг гаргасан. Өнгөрсөн хугацаанд Онтре компани дээр бүртгэлтэй байгаа "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн асуудал, Оюутолгой ХХК дээр хуримтлагдаад буй хувь нийлүүлэгчдийн зээл, санхүүжүүлэлттэй холбоотой асуудал, Монголын талын өгөөжийн асуудлын хүрээнд хянан шалгах ажиллагаа явагдсан.
Онтре компанийн "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь Оюутолгойн бүлэг ордын талбайн хил хязгаарт хамаарч байгаа буюу стратегийн орд газарт хамаарах лицензүүд гэдэг нь тогтоогдсон.
Түүнээс гадна Онтре компани нь 2009 онд байгуулагдсан гэрээний тал биш учраас аливаа татварын тогтворжуулалт, хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой давуу байдал эдлэхгүй нь тогтоогдсон. Энэ талаарх санал дүгнэлт Түр хорооны тайланд тодорхой туссан.
Тэгэхээр УИХ-ын тогтоолд Онтре компани дээрх лицензүүдийг одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд Монголын талын эрх ашгийг хамгаалах замаар шийдвэрлэх эрх үүргийг Засгийн газарт өгөхөөр зорьж байгаа.
Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, үе үеийн УИХ-аас Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл хангалттай хэрэгжээгүйн улмаас одоогоор 20 орчим тэрбум ам.долларын зээл болон зээлийн хүү хуримтлагдаад байна. Энэ нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор нөлөөлөх асуудал гэдэг нь Хянан шалгах түр хорооны ажлын явцад тодорхой болсон.
Санхүүжүүлэлтийн нөхцөлийг сайжруулах Хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр Рио Тинто компаниас Оюутолгой компанид олгосон зээлийн хүү хэт өндөр байгаа асуудлыг Засгийн газар нэн даруй хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх замаар бууруулах нь зайлшгүй шаардлагатай гэдэг зүйл тодорхой болсон.
Үүнийг УИХ-ын тогтоолын төслийн хоёрдугаар зүйл заалтад Засгийн газарт Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар санхүүжүүлэлтийн арга хэлбэр, загвар, хуримтлагдаад буй хүүний асуудалд зоригтой шийдэл гаргаж ажиллах нь зүйтэй гэсэн асуудал тодорхой болсон.
Мөн Монголын талын үр өгөөж 53 хувиас доошгүй байх ёстой гэсэн УИХ-ын тогтоол Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байгаа асуудал ноцтой учир холбогдох гэрээнд тусгах үүрэг чиглэлийг Засгийн газар өгч байгаа.
Талууд эн тэнцүү байдлаар хэлэлцээрт орж аль аль талын эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа. Тэгэхээр Оюутолгойн асуудалд цаашдаа харилцан ашигтай байдлаар Монголын талын үр өгөөжийг 53 хувиас доошгүй байх нөхцөлийг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрч хэлэлцээрт хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!