Уншиж байна ...

Нийслэлийн агаарын бохирдлын хүхэрлэг хийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55% буурсан гэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 33 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хагас коксон түлшинд шилжих талаар "Тавантолгой түлш" ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцсэн юм.

Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ)-ны сайдын тушаалаар Эрдэмтдийн зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм.

Уг хуралд ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн “Монгол оронд модлог био шахмал түлшний үйлдвэр байгуулах шаардлага, ач холбогдол” сэдвээр танилцууллаа.

"Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат хагас коксон түлшний чанарт олон улсын болон дотоодын итгэмжлэгдсэн гурван лабораториор давхар хяналт тавьж буйг онцолсон.

Цаг уур орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч гол бодисуудын 2025 оны сүүлийн улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан танилцуулсан юм.

Тодруулбал хүхэрлэг хий 2024 оны арванхоёрдугаар сард 108 мкг/м3 байсан бол 2025 оны 12 дугаар сард 49 мкг/м3 болж, 55 хувиар буурчээ. Мөн PM2.5 болон PM10 тоосонцор 22-25 хувиар, азотын давхар исэл хоёр хувиар буурсан байна.

Эрдэмтдийн зөвлөл Улаанбаатар хотын хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж тодорхой хувиар буурч, зохих үр дүнд хүрснийг онцолж, цаашид хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө.

"Улаанбаатарын агаарын бохирдолд PM2.5-аас ч нарийн ширхэгтэй тоосонцрыг тогтмол судлах шаардлагатай"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хурлын талаар МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва "Өмнө нь "Тавантолгой түлш" ХХК-ны хэрэглэж байсан түлш чанарын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс шинэ эх үүсвэрээс түлш хэрэглэх зөвлөмж өгсөн юм.

Эхний хоёр сарын байдлаар тодорхой хэмжээнд үр дүн харагдаж байна. Гэхдээ одоогоор бүрэн дүгнэлт хийх боломжгүй. Учир нь энэ жил их хур тунадастай буюу цас их орсон. Цастай өдрийн тоо их байх тусмаа агаарын бохирдол буурдаг. Тиймээс шууд сарын дунджаар өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад учир дутагдалтай.

Харин өдрөөр нь харьцуулахад өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлт харагдлаа.

Утааны найрлага ярихаар бид зөвхөн өөрсдийнхөө хэмжиж байгаагаа л хэлж байна. Тэгвэл энэ дотор байгаа нарийн агууламжийг хэмжих шаардлагатай гэж боддог. 

Жишээлбэл PM2.5 буюу хоёр ба хагас микрон болон түүнээс бага нягттай нарийн ширхэгтэй тоосонцрыг илүү нарийн хэмжих хэрэгтэй. Үүнд хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаардлагатай байдаг тул тогтмол хийхэд хүндрэлтэй байдаг. PM2.5-аас ч нарийн агууламжтай PM1-ийн агууламжийг нь байнга судлах ёстой.

Бидний хийсэн судалгаагаар PM2.5 тоосонцор өвлийн улиралд нэмэгддэг. Гэтэл үүний бараг 90 орчим хувь нь PM1 буюу маш нарийн ширхэгтэй тоосонцор байдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. PM2.5 шүүх боломжтой маск зүүсэн байхад ихэнхийг нь шүүх боломжгүй гэсэн үг. Тиймээс цаашид илүү нарийн ширхэгтэй тоосонцрыг судлах шаардлагатай гэж бодож байна" гэв.