Улаанбаатар хотын ус хангамжийн салбарт энэ онд түүхэнд тэмдэглэгдэх бүтээн байгуулалтууд ашиглалтад орох гэж байна.
Эхнийх нь тун удахгүй ашиглалтад орох Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Шинэ төв цэвэрлэх байгууламж. Энэхүү цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 шоо метр ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг хүлээн авч, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болтол цэвэрлэх хүчин чадалтай. Удаах нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтын ажиллагааны хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр баригдаж дуусаж байна. Энэ үйлдвэр ажиллаж эхэлснээр Улаанбаатарын усны менежмент шинэ шатад гарна.
Орчин үеийн энэхүү шинэ байгууламжууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хаягдал усны бохирдол мэдэгдэхүйц буурах учиртай юм. Төв цэвэрлэх байгууламжаас доор орших Туул голын дагуух нутгийн байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө ч эрс буурна гэсэн хүлээлттэй байна.
Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Энэхүү хүлээгдэж буй үр дүн ганц шинээр баригдаж буй хоёр том үйлдвэрээс шалтгаалахгүй.
Нэн ялангуяа энэ үйлдвэрүүдийн хэвийн ажиллах эсэх нь хаягдал усны бохирдлын хэмжээнээс хамаарсан хэвээр байх болно. Үйлдвэрүүд маань хаягдал усаа урьдчилан цэвэрлэж, химийн бохирдлоо бууруулан стандартад нийцүүлэх цаг иржээ.
Шинэ төв цэвэрлэх байгууламж хэвийн ажиллаж байж хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн горим тохиргоо жигдрэх учиртай. Шинэ төв цэвэрлэх байгууламж хэвийн ажиллахын тулд Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжээс ирж буй хаягдал усны чанар MNS 6561:2024 стандартыг хангах хэрэгтэй байгаа юм. Гэсэн хэдий ч хаягдал усны бохирдол өндөр хэвээр байгаа нь тулгамдсан асуудал хэвээр.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн нэгжүүд бүгд хаягдал усаа тодорхой хэмжээнд урьдчилан цэвэрлэж хаях ёстой ч, үйлдвэрүүдээс нэн түрүүнд хаягдал усаа урьдчилан цэвэрлэх шаардлагатай байгаа далан үйлдвэр бий хэмээн жагсаалт гаргасан байдаг. Харин өнөөдрийн байдлаар нийт гуч гаруй үйлдвэр цэвэрлэх байгууламжтай болсон ч технологи горим нь жигдэрч амжаагүй байна. Энд бас асуудал бий.
Хүний нөөц хомс, өмнө нь урьдчилан цэвэрлэх байгууламж ажиллуулж байсан туршлагагүй зэрэг асуудлууд үйлдвэрүүдэд тулгарсаар байна. Тоогоор ахиц гарсан ч чанараар тогтворжих шаардлага байна. Хэдийгээр дээр бичсэнчлэн олон сайхан үр дүнгүүд гарч байгаа ч хоёр шинэ үйлдвэр ашиглалтад орохоос өмнө шуурхайлан хийх ёстой том ажлууд хүлээгдсээр л...
Учир юу гэвээс архи пиво, мах, сүүний чиглэлийн хүнсний үйлдвэрүүдийн хариуцлага хаалга нүдсээр. Тэдгээр үйлдвэр урьдчилан цэвэрлэх байгууламжаа суурилуулан ажиллуулчихвал зорилгын наян хувь биелнээ л гэсэн үг. Тиймээс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн тушаалаар “Засгийн газрын 53-р тогтоолын хоёрдугаар зүйлд заасны дагуу “Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө” –нд заасан төвлөрсөн шугам дамжин хэрэглэгч мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, бохирдлын агууламж, байгууллагын талаарх дэлгэрэнгүй судалгаа гаргах, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг байгуулжээ.
Дэд ажлын хэсэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Ус сувгийн удирдах газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах хороо, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгж гэсэн таван байгууллагын төлөөллөөс бүрджээ. Тэд удирдамжийн дагуу зорилтот бүлгийн ус бохирдуулагчдын судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, хяналт тавьж, машин угаалгын газар бол ямар шүүр тавих, мах, сүү, шингэн хүнсний үйлдвэрт ямар төрлийн урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах заавар зөвлөгөөг өгч ажиллаж байгаа аж.
Судалгаанд хамрагдсан үйлдвэрийг e-water цахим системд бүртгүүлэх, үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламж барих шаардлага хүргүүлэх чиглэлд нэлээд шаргуу ажиллаж байгаа. Тэгэхээс ч аргагүй. Одоо хүлээх, харзнах хугацаа үлдээгүй шахуу учраас шаардлага хүргүүлээд байхад хөдлөхдөө хойрго байвал усны хэрэглээний хязгаарлалт хийж эхлэхэд тулаад байгаагаа ч усны салбарын байгууллагууд илэрхийлж эхэлсэн.
Хүссэн хүсээгүй томоохон үйлдвэрүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал усаа урьдчилан цэвэрлэх байгууламж барихаас өөр аргагүй болж буй. Нэгэнтээ барих зүйлийг алгуурлахгүй ажил хэрэг болгохгүй бол зэрэгцээд ашиглалтад орох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр болон Шинэ төв цэвэрлэх байгууламжид стандартын шаардлага хангаагүй хаягдал усыг хүлээн авах боломжгүй. Үйлдвэрлэгчид маань үйлдвэрийн хаягдал усныхаа бохирдлоо бууруулах технологитой болохоос өөр сонголтгүй.
Төр захиргааны байгууллагууд үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтран ажиллах саналуудаа ч илэрхийлээд буй. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар үйлдвэрлэгчдэд урьдчилан цэвэрлэх байгууламж барих шаардлагатай газрын зөвшөөрлийг олгоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн. Үйлдвэрүүд Ус сувгийн удирдах газартай гэрээ байгуулж хугацаагаа товлосон.Үйлдвэрлэгчид хариуцлагаа хүлээж, нийтэд ээлтэй үр дүнд хүрэхийг нийгмээрээ хүлээж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!