Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшин "Оюу толгой" компанийн засаглалын талаар "Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол талын ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа. Оюу толгойн ТУЗ-д ороод маш олон асуудал байгааг анзаарч мэдсэн. Энэ түр хорооны гол сэдэв болсон хоёр асуудал нь Монгол талын өгөөжийг сайжруулах 10 асуудлын ердөө хоёр нь юм. Маш олон өөр асуудлууд байгаа.
Миний хамгийн түрүүнд асуух асуулт бол яагаад Оюу толгойн асуудлууд эцэс төгсгөлгүй үргэлжилсэн сэдэв болоод байдаг юм бэ гэх асуулт байсан.
Эхэнд гарч ирсэн асуудал нь засаглал байсан. Засаглалын асуудал түвшин түвшинд гарч байгаа. Хамгийн түрүүнд ТУЗ-ийн түвшинд Монгол талын гурван гишүүн Рио Тинто талын зургаан гишүүн байдаг. ТУЗ-ийн гурван гишүүн шийдвэр гаргах нөлөөлөх боломж байхгүй мөн хориг тавих эрх байхгүй нөхцөл байдалтай байгаа.
Гүйцэтгэх удирдлагыг Рио Тинто талаас томилдог. Гүйцэтгэх удирдлага Рио Тинто талд өөрсдийн ажлын тайланг танилцуулж дүгнэлт авдаг. ТУЗ дээр танилцуулж дүгнэлт авсан зүйл байхгүй. Саяхан есдүгээр сард өмнөх гүйцэтгэх удирдлага ажлаа өгөөд явахад ТУЗ-ийн гишүүд олон нийтэд зарласан өдөр нь мэдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Мөн хувьцаа эзэмшигчдийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өмнө нь хувьцаа эзэмшиж байсан нэг компани олон нийтэд мэдээллээ нээлттэй тайлагнадаг байсан. Энэ нөхцөл байдал Рио Тинто компани тус компанийг худалдаж авснаас хойш байхгүй болсон.
Монгол талаас сайжруулах асуудал байгаа. Өнөөдөр бидний ярьж байгаа асуудал бол компанийн асуудал энэ компанийн асуудалтай Монгол талаас хамгийн түрүүнд тулж ажиллах газар бол "Эрдэнэс Оюу толгой" компани юм. Энэ компанийг УИХ-ын 92-р тогтоолын дагуу чадавхжуулах, сайжруулах шийдвэр гарсан ч бодит ажил хийгдсэн үү гэдгийг анхаарч судлах ёстой.
Рио Тинто гэх үндэстэн дамнасан том компанитай тулж ажиллах Монголын талыг төлөөлөх компани байх ёстой. Энд мэргэжлийн хэлний мэдлэгтэй, геологич, хуульч, санхүүч ажиллах ёстой. Ийм хэмжээний хүмүүс байсны үр дүнд тэр том компанитай тулж асуудлуудыг шийдэн ажиллах чадавхтай байх юм гэдгийг анхаарах ёстой болов уу" гэв.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал "Оюу толгойн 34 хувийг эзэмшиж байгаа "Эрдэнэс Оюу толгой" компанид Монголын хамгийн чадвартай залуучууд ажиллах ёстой. Энэ үндэстэн дамнасан том компанитай адилхан хэмжээнд сэтгэх, адилхан туршлагатай залуучууд ажиллах хэрэгтэй. Улс төрийн томилгоо явуулчхаад тэд нараасаа ийм том компанитай адилхан хэмжээнд харьц гэхээр яаж чадах юм бэ. Алдагдсан боломж чинь эндээс үүдэлтэй байна шүү дээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!