Уншиж байна ...

С.Баярцогт: С.Баяр алсын хараатай удирдагч учраас гэрээг зүтгүүлсээр байгаад байгуулсан. Тэгээгүй бол одоо ч байгуулагдахгүй байсан

Н.Эрхбаяр, iKon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр мэдээлэл сонсож байгаа юм.

Энэ үеэр Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой Оюутолгой компанийн 34 хувийн асуудал яригдлаа. 

УИХ-ын гишүүн С.Зулпхар: Эдийн засгийн байнгын хороон дээр 2008 оны тавдугаар сарын 8-нд санал дүгнэлт танилцуулсан. Үүнтэй холбоотой долоодугаар сарын 13-нд хэлэлцүүлэг явагдсан.

Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр бүрдүүлж, ногдол ашгаар тооцож байгаа нь эдийн засгийн үр ашиг багатай байна гэж дүгнэлт хийсэн.

Дараа нь нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50 хувийг шууд эзэмшихийг төсөлд тусга гэсэн байна. 

С.Баярцогт сайд аа, ийм санал дүгнэлт гарч байхад гэрээ байгуулах үедээ харгалзаж чадаагүй вэ? 

Сангийн сайд асан С.Баярцогт: Зэрэгцэж сууж байгаад бүгдээрээ худлаа яриад байна. 2009 оны долоодугаар сарын 16-нд УИХ-ын 57 дугаар тогтоолыг УИХ-аар хэлэлцэхэд Ерөнхий сайд С.Баяр Японы Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийж байсан. Би Сангийн сайдын хувьд албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд байсан.

Дээрх асуудлыг Ерөнхий сайд, Сангийн сайд байхгүй байхад УИХ авч хэлэлцээд энэ шийдвэрийг гаргасан. С.Баяр дарга "ийм шийдвэр гарчээ, одоо айлчлалаа зогсоогоод буцъя" гээд ирсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөмж, УИХ-ын 40, 57 дугаар тогтоолын биелэлтийг 2009 оны наймдугаар сарын 19-25 хооронд УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулж танилцуулсан. 

Нээж, хаасан УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн үг байна, хууль зөрчсөн гэж нэг ч үг байхгүй. Бид нар дэмжиж байна, сайн хий л гэж хэлсэн. 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болсны есөн жилийн ойгоор З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа эрүүгийн хэрэг үүсгэж намайг 73 хоног шоронд суулгасан. Энэ бүх хэрэг шүүх ороод цагаадсан. 

С.Баяр дарга алсын хараатай удирдагч байсан учраас энэ гэрээг зүтгүүлсээр байгаад байгуулсан. Тэр үед байгуулаагүй бол энэ гэрээ одоо ч байгуулагдахгүй. С.Баяр дарга өөрийнхөө нэр хүндийг дэнчин тавьсан. 

Н.Энхбаяр дарга өөрийгөө мэдэхгүй байна. 2003 онд их өрийг хэлэлцэж тэглээгүй бол Монгол Улс нэг ч гэрээг бие дааж хийхгүй байсан. 

С.Баяр дарга "энэ үнэхээр Монгол Улсад ач холбогдолтой юм байна, хийх ёстой. Би Роберт Фрийдланд гэдэг хүнтэй уулзахгүй энэ гэрээг хийнэ" гэж байсан. Одоо бүгдээрээ байхгүйгээр далимдуулаад худлаа хэлж болохгүй. Л.Гүндалай ерөөсөө оролцоогүй, энэ хүн өөрийгөө инфлүэнсер гэж бодоод байна. 

Сайн юм хийе гэхээр баримт байхгүй яриулаад байх хэрэггүй, тоо баримт, хуулийн заалт ярь.

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/855209913765519