Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд болж байна.
"Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Компанийн санхүүжилтийн зүг чигийг ТУЗ гаргадаг. ТУЗ дотроо зээлийн хувь хэмжээ өндөр байгаа тул өөр санхүүжилтийн эх үүсвэрээр өөрчлөх боломж байгаа эсэх талаар их ярилцсан. Хувьцаагаар санхүүжилт татна. 15 банкнаас зээлсэн. Байж болох бүх нөөцөө шавхаж бүх борлуулалтынхаа орлогыг бүтээн байгуулалтдаа зарцуулж өдийг хүрсэн.
Өрийн хэмжээ өндөр байгааг ойлгож байгаа. Үүнтэй компани зохицож болохгүй. Байнга ногдол ашгийг наашлуулах тал дээр анхаарч илүү хямд, өөр ямар боломж байгаа тал дээр анхаарч ажиллах ёстой.
Бид маш том бүтээн байгуулалтын ард гараад одоо л эерэг мөнгөн урсгалтайгаа залгаж байгаа гэдгийг ойлгох ёстой" гэв.
Оюу толгойн уурхайн цогцолбор барьж байгуулахад маш их санхүүжилт хэрэгтэй болсон бөгөөд дөнгөж энэ жилээс буюу 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай буюу борлуулалтын орлого нь зардлаа нөхөх хэмжээнд хүрч байгаа аж. Уул уурхай бол алхам тутамд хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй салбар учир "Оюу толгой" компани Монгол залуусаа аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж иржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!