Өмнийн говийн гүнд орших Гүний хоолойн газрын доорх усны орд нь Оюу толгой уурхайн усан хангамжийн үндсэн эх үүсвэр болдог. Олон жилийн нарийвчилсан судалгаа, шинжилгээний үр дүнд тогтоогдсон энэ орд нь усны нөөцийн хувьд хангалттай, ашиглалтын явцад байгаль орчны нөлөөлөл бага хэмээн мэргэжлийн байгууллагууд үнэлсэн байдаг.
Тус ордыг 2011 оноос эхлэн хэсэгчлэн ашиглаж эхэлсэн ба улмаар 2015 онд Усны нөөцийн зөвлөл нийт ашиглаж болох боломжит усны нөөцийг 918 литр/секунд буюу 79,315 шоо метр/хоног байхаар тогтоожээ. “Оюу толгой” компанийн уурхайн ашиглалтын явцад бүтээн байгуулсан Гүний хоолойн ус татах систем нь хоногт 77,760 шоо метр ус олборлох хүчин чадалтай.
Нийт 28 худаг, ус цуглуулах 5 станц, ус өргөх байгууламж, тус бүр 200,000 шоо метр багтаамжтай 2 цөөрөм, 88 км урт DICL болон 65 км урт HDPE хоолой бүхий ус дамжуулах нарийн сүлжээгээр тоноглогдсон нэгдсэн системийг уурхайн ашиглалтын явцын усан хангамжид зориулан байгуулсан байдаг. Чухамхүү энэ иж бүрэн бүтэц, цогц бүтээн байгуулалт нь Оюу толгойн зэсийн уурхайн ус хангамжийг урт хугацаанд найдвартай, үр ашигтай, байгальд ээлтэй байдлаар хангах үндэс болдог аж.
"Оюу толгой" компанийн хэрэгжүүлж буй усны менежментийн хөтөлбөр нь уурхайн бүх шатанд усыг хэмнэх, эргүүлэн ашиглах, байгальд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэж байна. Сүүлийн 10 жилд ус дахин ашиглалтын түвшин 80%-иас тогтмол давж, дэлхийн уул уурхайн салбарт үнэлэгдэхүйц сайн үр дүнгүүд гарчээ. Дотоодын инженерүүдийн шинэлэг санаачилга болон олон улсын хөрөнгө оруулагчдын хамтарсан багийн хяналт, инновацлаг шийдлүүд нь усны менежментийг жил бүр улам боловсронгуй болгож байна.
Усны менежментийг сайжруулах уг хөтөлбөр нь үйлдвэрлэлийн усыг алдагдалгүй, үр ашигтай ашиглах замаар усны нөөцийг хамгаалах зарчимд тулгуурладаг. Уг зарчмыг хэрэгжүүлэх явцад уурхайн хэмжээнд ус дамжуулах шугам хоолой, ус цуглуулах системийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хянаж, усны алдагдлыг бууруулахыг бүрэн ханган ажилладаг. Дээр дурдсанчлан үйлдвэрийн ус хуримтлуулах 2 цөөрөм тус бүр 200,000 шоо метр багтаамжтай бөгөөд тэдгээр нь уурхайн хэрэгцээнд ус хангамжийн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй.
Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ -ын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гүний хоолойн газрын доорх усны ордын нөөцийг дахин үнэлэх ажил эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тус компанийн зүгээс гидрогеологийн хайгуулын 8 цооног, 4 кернтэй өрөмдлөгийн ажил хийж, усны давхаргын гидрогеологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тодорхойлох ажлыг хийж гүйцэтгээд байна. Усны нөөцийн тооцооллын нарийвчилсан судалгааг “Охь-Ус” компани дахин гаргаж, Австралийн “SRK Consulting MGL” компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, загварчлалын дагуу тооцооллыг боловсруулж байгаа бөгөөд эцсийн дүнг энэ онд багтаан Усны газарт хүргүүлэхээр төлөвлөжээ.
“Оюу толгой” компанийн ус ашиглалтын гэрээ нь 2016–2040 он хүртэл буюу 25 жилийн хугацаанд хүчинтэй. Баяжуулах үйлдвэр, ахуйн үйлчилгээ, халаалтын систем, авто зам, мод үржүүлэг, далд уурхайн бүтээн байгуулалт зэрэг олон чиглэлд ус ашиглах эрхийг гэрээгээр олгосон байдаг. Ус ашиглалтын төлөвлөгөөг жил бүр тогтмол шинэчлэн боловсруулдаг ба Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын энэ оны 5 дугаар сарын 14-нд батлагдсан дүгнэлтийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Тус компанийн хэрэгжүүлж буй усны менежментийн хөтөлбөрийн гол зорилго нь баяжуулах үйлдвэрийн технологийн явцад усыг хамгийн өндөр үр ашигтай дахин ашиглах, ус хэмнэх инновацлаг шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлэхэд чиглэдэг.
Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр болон уурхайн талбайн усны хэрэгцээг нийт 29 худгаас хангаж байна. Авто замын барилга, мод үржүүлгийн газар зэрэг зориулалтаар 1–2 худгийг нэмж ашигладаг. Анх Гүний хоолойн газрын доорх усны ордын ашиглалт 2011 оны 8 дугаар сард эхэлсэн. Харин өдгөө ус цуглуулах 5 багцын нийт 28 худгаас уурхайн ус цэвэршүүлэх, савлах үйлдвэр, ус хуримтлуулах цөөрөм, гүний уурхайн бүтээн байгуулалт болон баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээнд зориулан тогтвортой ханган нийлүүлж байна.
Компанийн мэдээлснээр, “Оюу толгой” ХХК 2025 оны гуравдугаар улиралд ус ашигласны төлбөрт 7.2 тэрбум төгрөг төлсөн бол 2013 оноос хойш нийт 211 тэрбум төгрөг төлсөн байна. Мөн ус дахин ашиглалтын зорилт 80 хувь байсан бөгөөд зорилтоо давуулан биелүүлж, дунджаар 86.5 хувьд хүргэсэн байна. Уурхайн үйл ажиллагааны нийт усны хэрэглээ 12.39 сая шоо метрт хүрчээ. Үүний ихэнхийг баяжуулах үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд зарцуулж байна. Тодруулбал, уг зориулалтаар ашигласан усны нийт хэрэглээ 89.4 сая шоо метрээр илэрхийлэгдэж, үүнээс 77.4 сая шоо метр буюу 86.6% нь эргэлтийн буюу дахин ашигласан саарал ус байсан гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, уурхайн хэрэглэсэн усны 10 литр тутмын 8.6 литр нь дахин ашиглагдсан гэсэн үг бөгөөд энэ нь Оюу толгойн усны менежмент өндөр үр дүнтэй хэрэгжиж байгааг тод харуулж байна. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу тус компанийн ус ашигласны төлбөрийг бүрэн төлж ирсний сацуу хяналт, дүгнэлтийг цаг хугацаанд нь тогтмол гаргадаг.
“Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй усны хяналт шинжилгээний цогц хөтөлбөрийн хүрээнд газрын доорх усны байгалийн горим, нөөцийн тогтвортой байдлыг нарийвчлан судалж, уурхайн үйл ажиллагаанаас үүсэж болох сөрөг нөлөөллийн үнэлгээ тогтмол хийгддэг.
Усны түвшин, химийн найрлагын өөрчлөлт, гидрогеологийн горим зэрэг үзүүлэлтүүдийг усны мониторингийн цооног, малчдын гар худгууд болон булгуудын түвшинд тогтмол ажиглан, мэдээллийн сан бүрдүүлж байна. Ингэснээр газар доорх усны ордыг хайгуул судалгааны үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчилсан судалгаа, шинжилгээнд тулгуурлан ашиглах, хянах, бодит нөхцөлд үндэслэсэн дүгнэлт гаргах боломж бүрддэг.
Усны хяналт шинжилгээний сүлжээ нь компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, хөтөлбөрийн дагуу ажилладаг. Үүнд уурхайн бүс, уст давхаргын тэжээгдлийн мужийн мониторингийн цэгүүд, нэмэлт хайгуул судалгааны цооногууд, орон нутгийн иргэд, малчидтай хамтран хяналт хийдэг гар худгууд хамрагддаг.
Гүний хоолойн газрын доорх усны орд нь говь нутгийн хамгийн томоохонд тооцогдох усны ордуудын нэг бөгөөд геологийн хувьд нийлмэл бүтэцтэй. Ордын бүтэц нь эртний тунамал хурдсын ай савд орших ховдол хэлбэртэй бөгөөд үндсэн 2 уст давхаргатай:
Хяналт, мониторингийн зорилго нь ус ашиглалтаас өмнөх байгалийн горим, тэжээгдлийн нөхцөл, уст давхаргуудын гидравлик холбоо, ашиглалтын үеийн түвшний бууралтыг нарийвчлан тодорхойлох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бодитой үнэлэхэд чиглэдэг. 2025 оны III улирлын байдлаар тус орд болон тэжээгдлийн мужийн нийт 87 цооног, 18 гар худагт хяналт шинжилгээ хийсэн байна.
Судалгаагаар ордын зүүн хэсэгт (1 ба 2 дугаар цуглуулах багц) ашигласан усны хэмжээ баруун хэсгээс өндөр байгааг тогтоожээ. Усны түвшинг сар бүр 1 удаа, автомат хэмжигч төхөөрөмжөөр 2 цаг тутам, улирал бүр гар хэмжүүрээр (SOLINST 101 Water Level Meter) хэмжиж бүртгэдэг Харьцуулсан ажиглалтаар үндсэн уст давхаргад усны түвшин ашиглалтын нөлөөгөөр бага зэрэг буурч, хэлбэлзэл илүүтэй ажиглагддаг бол бага гүний уст үе ашиглалтын нөлөөлөлд өртөөгүй тогтвортой хэвээр байна.
“Оюу толгой” компанийн хүрээлэн буй орчин, ус хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд зөвхөн уурхайн бүсээр хязгаарлагддаггүй. Тус компани бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслүүд хэрэгжүүлдэг төдийгүй малчин өрхүүд, орон нутгийн удирдлагатай хамтран орон нутгийн иргэдийн усан хангамжийг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажилладаг. Тухайлбал,
Оюу толгой уурхайн усны менежмент нь стратегийн төлөвлөлт, нарийвчилсан мониторинг, дахин ашиглалтыг илүү үр ашигтай болгоход чиглэсэн бөгөөд салбартаа тэмдэглэхүйц жишиг болж байгаа төдийгүй орчин үеийн стандартад нийцсэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны тод илэрхийлэл болж байна.
Эх сурвалж: www.mongolianminingjournal.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!