Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулахтай холбоотой мэдээллийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ дараах байдлаар хүргэсэн юм.
Тэрбээр "Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатгах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Ерөнхий сайд албан даалгавар гаргаж, төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
Мөн хуралт, семинар, сургалтыг цахимаар зохион байгуулж дотоод, гадаад томилолт, тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг түр зогсоох, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх мэргэжлийн үйлчилгээний гэрээ шинээр гэрээ байгуулахгүй байх, төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэхийг үүрэг болголоо" гэв.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!