Уншиж байна ...

Ли Жан Хуа: Биднийг "Та нар казино тоглоод алдсан гэж бод. Хуулийн байгууллагаар яваад ямар ч нэмэргүй" гэж сүрдүүлсэн

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 12 цаг 49 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-ын “Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.

Тэрбээр "Манай компани 2017 оноос Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрладаг "Олгой булаг" ХХК-ийн "Төхөм" уурхайд хамтран ажиллах болсон юм. Энэ хугацаанд гэрээний дагуу хийсэн нийт хөрөнгө оруулалт нь ₮51 тэрбумд хүрсэн.

Уг хамтын ажиллагааны хүрээнд уурхайн тээвэрлэлтийн хөлсийг манай компаниас гаргаж, үр дүнд нь тус компанийн 52 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсон юм.

Манай зүгээс гэрээнд заасан зарим үүргээ гүйцэтгэсэн боловч одоог хүртэл уурхайн олборлолтын ажилд оролцуулаагүй тул хуулийн байгууллагад хандсан. Уг асуудал хуулийн хүрээнд шалгагдаж байхад эсрэг талын компанийн зүгээс нэг бус удаа ажлын байранд ирж, сүрдүүлэх, хүч хэрэглэх, миний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал гаргаж байна. 

Миний нэр хүндэд илт халдах болсон тул хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

Манай компанийн зүгээс 2017-2021 оны хооронд 100 гаруй автомашин, техник, тоног төхөөрөмж, 20 км сайжруулсан шороон зам, засварын ажил зэрэг уул уурхайн чиглэлд бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулсан. Мөн Монгол Улсад төлөх ёстой бүх татварыг төлсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан 52 хувийн хувьцааг одоог хүртэл шилжүүлээгүй байна. 

Хоёр тал хамтын ажиллагаагаа эхлүүлснээс зургаан сарын дараа хамтарсан компани байгуулсан. Хамтарсан компанийн 51 хувийг миний төрсөн охин, "Олгой булаг" компани 44 хувийг, н.Чимэдсүрэн 5 хувийг эзэмшиж буй.

Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулагч талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч оператор компанийг оруулахгүй, хамтран ажиллахгүй гэсэн боловч цар тахлын улмаас хөрөнгө оруулагч нар Монголд ирэх боломжгүй нөхцөл үүссэн юм. Улмаар "Олгой булаг" компани уурхайн олборлолтын ажлыг дангаараа зохион байгуулах болсон. Энэ үеэс тус компанийн зүгээс гэрээний заалтаа зөрчиж эхэлсэн. 

Тухайлбал гуравдагч талыг оруулж ирснээр нүүрс борлуулах болсноор хоёр талын маргаан эхэлсэн гэж хэлж болно.

Энэ маргаанаа шийдье гэж нөгөө талтайгаа уулзсан боловч "Олгой булаг" компанийн хувьцаа эзэмшигч Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нь "Та нар казино тоглоод алдсан гэж бод. Хуулийн байгууллагаар яваад ямар ч нэмэргүй. Бүгд манай талд байгаа" гэсэн хариулт өгөөд биднийг хөөж явуулсан.

Ингээд 2021 оны арванхоёрдугаар сараас эхэлж цагдаагийн байгууллагад хохирогчоор тогтоогдож, шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн. Харамсалтай нь "Олгой булаг" компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс биднийг гэмт хэрэг үйлдэж, залилан хийсэн мэтээр хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр цацах болсон юм. Энэ хэргийг хуулийн дагуу зөв шийдүүлэх хүсэлтэй байна" гэв.