Уншиж байна ...

Г.Занабазарын нэрэмжит музейн дэргэд 28 давхар барилга барихыг эсэргүүцсэн нэхэмжлэлийг гурван шатны шүүх хэрэгсэхгүй болгов

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох маргааныг Улсын Дээд Шүүх энэ сарын 2-нд хянан хэлэлцжээ.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Худалдаа хөгжлийн банк” ХК оффис, банкны үйлчилгээний зориулалт бүхий 28 давхар барилга барихаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулжээ. Тус банкны яг дэргэд байрлах Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уг 28 давхар барилга баригдахад хөрсний усны нөлөөллөөр хүндийн даацаараа суулт үүсэж музейн барилга өргөгдөх магадлалтай. Ингэснээр музейн барилгад цууралт хагарал үүсэх сөрөг нөлөө гарч, барилга угсралтын ажлыг эхлүүлэхдээ түүх, соёлын дурсгалт барилгыг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь үндэсний хууль тогтоомж төдийгүй олон улсын зарчмыг ноцтой зөрчсөн. Мөн орчны барилгын аюулгүй байдалд нөлөөлөхүйц өндөр барилга маш ойрхон барихаар төлөвлөж, орчны барилгуудын сууринд сөргөөр нөлөөлж, суулт өгөх, цаашлаад нурах эрсдэл бий болгож байна. Музейн тусгай хамгаалалттай газрын захаас гурван метр зайд баригдахаар байгаа нь цонхоор тусах нарны ээвэрлэлтийн үргэлжлэх хугацаа барилгын холбогдох норм ба дүрмийг хангахгүй, огт нар тусахгүй хэмээн маргаж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүхээс Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-аас баталсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэсэн байдаг.

Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар тус хэргийг хянан хэлэлцүүлээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улсын дээд шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь дараах бичлэгээс үзнэ үү.

https://www.facebook.com/reel/824791110334243