Нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн 15,034,776 м.кв зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 48 аж ахуйн нэгж байгууллагын 2,355 зам талбайн үйлчлэгч, жолооч, инженер техникийн ажилтан, 776 машин техникээр гүйцэтгэдэг гэж УБЗАА-наас өнөөдөр мэдээллээ.
Улаанбаатар хотод Бямба гарагт үргэлжлэн орсон цаснаас өмнө гол магистраль авто замын нуухыг цэвэрлэж амжаагүй асуудал гарч, өнөөдөр дүүргүүдээр явж бэлэн байдлыг шалгаж байгаа аж.
Авто замын цас цэвэрлэгээ удааширсан талаар Хан-Уул дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар "Түлшний хомсдол тулгамдсан асуудал болж байна. Өнгөрсөн шөнө түлшний хомсдолоос шалтгаалж зарим байгууллага цас цэвэрлэгээний машинаа гаргаж чадаагүй гэсэн мэдээлэл ирсэн.
Архивчдын гудамжны цэвэрлэгээг хувийн компани хариуцдаг байсан. Гэвч тендерийн маргаанаас болж хувийн компанитай гэрээ байгуулах боломжгүй болсон тул Тохижилт Үйлчилгээний Төвд хариуцуулсан юм. Тохижилт Үйлчилгээний Төв нь Наадамчдын гудамжны авто замыг цэвэрлэдэг учир нэмээд Архивчдын гудамжны цэвэрлэгээг хариуцуулахад хүн хүч, тоног төхөөрөмж хүрэлцэхгүйгээс цас цэвэрлэгээнд нөлөөлсөн. Үүнд анхаарал хандуулж байна" хэмээв.
Тохижилт Үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнх-Эрдэнэ "Энэ жил 300 тонн давс, 200 тонн бодис худалдан авсан. Өнөөдрийн байдлаар 160 тонн давс, 150 тонн давсны үлдэгдэлтэй байна.
Нарийн ширхэгтэй, хог шороогүй, автомашины дугуйн үрэлтээс бус мөсөн дээр асгахад хайлдаг буюу нисэх онгоцны буудлын талбайд ашигладаг бодисыг хэрэглэж байгаа.
Наадамчдын авто замын нуухны цэвэрлэгээ нь түгжрэл зэргээс шалтгаалж удааширсан. Техник тоног төхөөрөмжийн хувьд ковш, автомашин ашиглаж, өдөр шөнийн цагаар ажилладаг" гэж ярилаа.
Хан-Уул дүүрэгт орон нутгийн өмчит дөрөв, хувийн 10 байгууллага Чингисийн өргөн чөлөө, Архивчдын гудамж, Яармагийн авто зам гээд нийт 3.8 сая м.кв талбайн цэвэрлэгээг хариуцдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!