Уншиж байна ...

"Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг өдөрт дунджаар 1,257 иргэн авдаг"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг болжээ. 

Уг үйлчилгээг цахимжуулснаар E-Mongolia системээр дамжуулан 5-10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах бүрэн боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаараа захиалах болон хадгалах үйлчилгээг цахимжуулсан байна.

Өмнө нь иргэд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Авто тээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 21 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1,257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байв.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргааныг бууруулах чухал алхам юм.

 

Эх сурвалж: Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia