УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ үеэр Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах ажлын явц хэр байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн П.Золзаяа: Гэр бүлийн шүүх байгуулах ач холбогдлын талаар маш олон ярьсан. Өнөөг хүртэл явж ирсэн шүүхийн практик бол ерөнхийдөө шийдээд л явдаг. Яг үнэндээ яагаад гэр бүл салдаг, асуудал юундаа байдаг, нийгэм эдийн засгийн бүхий л суурь зүйлийг судалдаг байх ёстой. Энэ шийдлийг өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүй.
Одоогийн байдлаар гэр бүлийн дагнасан шүүхэд мэргэжлийн шүүгч байх ёстой гэдэг үүднээс сонгон шалгаруулалт явуулж байна. Тэнцсэн хүмүүс цөөхөн. Гэхдээ нөхөх арга байгаа. Ажиллаж байгаа шүүгч нараас шилжүүлж бүрдүүлэх боломжтой.
Үйл ажиллагаа явуулах өөрийн байр асуудалтай байна. Юу ч гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн байрыг сонгочихсон засварын ажлыг хийх гэж байгаа боловч төсвийг нь оны сүүлээр хураачихдаг. Тендер зарлачихсан, гэрээ байгуулах хэмжээнд явж байгаа.
Гэр бүлийн тухай хуулийг дагаад нэлээд хэдэн ажлын орон тоо бий болно. Жишээлбэл сэтгэл зүйч, нөхцөл байдлын шинжээч гэх мэт. Орон тоог тооцоолсон боловч төсөв дээр хасагдчихсан. Хуулийн хэрэгжих нөхцөлийг хангах гэхээр төсвийг нь хасчихсан тохиолдол гарч ирсэн.
Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг: Олон улсад гэр бүл, хүүхдийг хамгаалах ажиллагаа дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчийн хэмжээнд явдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон төрлийн харилцаа явдаг. Энэ харилцаанаас тасалж аваад гэр бүлийн шүүх байгуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өөр зарчмаар явуулбал гэр бүлийг аварч үлдэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад үр дүн гарна.
Процессын хууль дотор гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусдаа бүлэг бий. Гэхдээ төдийлөн сайн журамлаж чадаагүй. Дагнасан шүүх байгуулснаар гэр бүлийн хэрэг дээр ажиллах тусдаа баг бий болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!