ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт, судалгааны албаны дарга П.Үнэнчимэг уг өвчний талаар дараах үндэсний хэмжээний дата, мэдээллийг танилцуулсныг Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб"-ээс мэдээлснээр хүргэж байна.
ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 39 сая хүн ХДХВ-ний халдвартай амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан байна.
Манай улс ХДХВ/ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог бөгөөд 1000 хүнд ногдох өвчлөлийн түшин 0.01 буюу дэлхийн дундажтай харьцуулахад 0.16, бүсийн орнуудын дунджаас 0.06-гаар бага байгаа аж.
Гэсэн хэдий ч бэлгийн замаар дамжих өвчний тархалт их, нийт хүн амын дундах бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй, ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархаж буй хоёр том гүрний дунд оршдог, хилээр зорчих хөдөлгөөн ихтэй зэрэг шалтгааны улмаас эрсдэл өндөр хэвээрээ байгаа юм байна.
Дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын вирус мутацлагдаж, уг өвчнөөс сэргийлэх вакциныг эрдэмтэн, судлаачид одоо болтол гарган авч чадаагүй ч эмийн чанар, эрт илрүүлгийн ачаар өвчтөнүүд урт удаан, чанартай амьдарсаар байгаа аж.
1992 онд Монгол Улсад ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар халдвар авсан нийт хүний тоо 424-т хүрчээ.
Түүнчлэн улсын хэмжээнд он гарснаас хойш ХДХВ-ийн халдварын тоо 36-гаар нэмэгдсэн бөгөөд жилийн эцэс гэхэд эл үзүүлэлт 48 болж нэмэгдэж болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал ч дэвшүүлээд байгааг дээрх уулзалтын үеэр мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Өвчлөгсдийн олонх нь 20-44 насныхан бөгөөд 99.7 хувьд нь бэлгийн замаар халдвар дамжсан байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб"
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!