Уншиж байна ...

12 дугаар сарын эхний тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны арванхоёрдугаар сарын 1-5-н хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа.

Арванхоёрдугаар сарын 1-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 01-нд нутгийн зарим газраар, 03, 04-нд тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -22…-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. 03-наас хүйтний эрч суларна.


Арваннэгдүгээр сарын 30-н буюу өнөөдрийн цаг агаарын төлөв:

Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Өнөөдөр нийт нутгийн баруун өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар -25...-30 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.