УИХ дахь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд уг хуультай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Өмнө нь тамхины тухай хууль дээр лобби ордог байсан. Нэг хуулийн заалтыг амлаж аваад гишүүдтэй ажилладаг. Электрон тамхи орж ирээд 2-3 жил болчихлоо. Энэ хугацаанд хэчнээн хүүхдийн тамхи татах зуршил нэмэгдсэнийг бүү мэд.
Электрон тамхи хүүхдүүдэд зайрмаг шиг харагдаж байна. Ямар ч гоё өнгөтэй, үнэртэй юм. Тиймээс бусад янжуур тамхи дээр байдаг шиг хавдар, өвчлөл гэсэн зураг нааж өгөөч. Хүн харахад хамгийн муухай харагддаг байх ёстой.
Хоёрдугаарт манай инфлүүсэрүүд vape зуучихсан хүн их гоё гэдэг мэдрэмж өгч байна. Үүнийг сурталчлах, хортой шүү гэдэг зүйлийг олон хэвлэлээр тун цөөхөн гарч байна. Тиймээс өргөн нэвтрүүлэг, сошиал орчинд тамхины хортой сурталчилгааг гаргаж өгөх ёстой.
Хүүхдэд vape зарсан байвал маш өндөр хариуцлагатай, тусгай зөвшөөрлийг цуцлах, эрүүгийн хариуцлагатай байх зохицуулалт оруулж өгвөл ямар вэ.
Хуулийн төслийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Өвчлөлийн анхааруулгыг бүтээгдэхүүн дээр оруулна. Одоо бол янжуур тамхины гадаргуугийн 50 хувь дээр анхааруулга бий. Үүнийг янжуур, дүнсэн, электрон тамхи дээр хортой гэсэн агуулгыг 70 хувьтай болгохоор хуулийн төсөлд оруулсан.
Электрон тамхи манай улсад өсөн нэмэгдсэний нэг шалтгаан нь хуулийн зохицуулалт байхгүйгээс үүдэж цахим орчинд маш хүчтэй сурталчилгаа явсан. Энэ талын судалгааг Сингапурын эрдэмтэд манай ажлын хэсэгт хийж өгсөн.
21 нас хүрээгүй хүүхдэд тамхи тамхин бүтээгдэхүүн зарвал тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой. Энэ саналыг хэлэлцүүлгийн явцад тусгаад явахад нээлттэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!