Уншиж байна ...

"Томуу, томуу төст өвчин 12-р сарын 15-нд оргил үедээ хүрнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БЗД, СХД-т ачаалал хүндэрсэн"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Сүүлийн дөрвөн жилд томуугийн улирал 39 долоо хоногоос илүү үргэлжилж жилдээ 764,000 хүн өвчилж, амьсгалын замын халдварт өвчний улмаас 77,420 хүн эмнэлэгт хэвтэж, амьсгалын замын цочмог халдварын улмаас 66 хүн нас барсан байна. 0-5 насны хүүхдийн өвчлөл амьсгалын замын цочмог хүнд халдварын 40-70 хувийг, нас баралтын 27.7 хувийг эзэлж байгаа аж. 

Жил бүр хүн амын дунд томуугийн H3N2 вирус, H1N1 вирус, В-н хүрээний вирус, амьсгалын замын синцитиаль вирус эргэлтэд ордог бөгөөд томуу томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 81 хувийг бага насны хүүхдүүд, өвчлөлийн хүндрэлийг 50-аас дээш насны ахмадууд эзэлдэг байна. 

Томуу томуу төст өвчний үүсгэгчийн: 

  • 60.5 хувийг H3N2 вирус
  • 10.4 хувийг  синцитиаль вирус 
  • 29 хувийг бусад вирусийн төрөл эзэлж байна. 

Сүүлийн долоо хоногт манай улсад H3N2 вирусийн илэрц 32.5 хувиар нэмэгдсэн ба АНУ, Англи, Японд маш их дэгдэлттэй байгаа юм байна. 

Томуу томуу төст өвчний өвчлөл 12-р сарын 15-нд оргил үедээ хүрнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БЗД, СХД-т ачаалал хүндэрчээ. Иймд нийт иргэдийг маскаа тогтмол зүүхийг ЭМЯ-наас уриалав. 

Томуу томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүсийг хүлээн авах 1,100 ор байгаа бөгөөд цаашид ХӨСҮТ, Монгол Японы хамтарсан эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Ахмадын сувилалд 740 орыг нэмэлтээр гаргана гэв.