Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдоод буй Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав өнөөдөр өмгөөлөгчийн хамт Үндэсний Мэдээллийн Төвд сэтгүүлчдэд хандлаа.
Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч н.Баттулга хурлын эхэнд "Б.Эрдэнэсүхийг эрүүгийн хуулийн 11.7-д зааснаар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг үйлдсэн байж болзошгүй нь тогтоогдож байна гэж үзээд өнгөрсөн сард яллагдагчаар татсан.
Үүнтэй холбоотойгоор тухайн хэрэгт гэрчээр холбогдсон зарим хүнд нөлөөлж болзошгүй байна гэж үзээд 30 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Түүнд нийт 14 хоног таслан сэргийлэх арга хэмжээ аваад суллагдсан. Түүнээс хойш хохирогч руу удаа дараа дарамтлах, амь насанд нь заналхийлсэн үйлдэл гаргах болсон. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж өгөөч гэсэн хүсэлтийг холбогдох албаныханд тавьсан ч харамсалтай нь тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Ингээд өнгөрсөн долоо хоногоос Б.Эрдэнэсүх нь өөрийн цахим хуудсаар бичлэг хийх, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт худал мэдээллийг цацаж эхэлсэн. Хэдийгээр хохирогчтой уулзахыг хориглосон ч түүнийг нь хянах процесс манайд дутмаг байдаг. Хориглосон арга хэмжээг авсан ч хохирогчийн амь насанд аюул учирсан тохиолдол бишгүй бий. Энэ хэрэгт ч гэсэн хохирогчийг улам хохироох, худал мэдээлэл цацах зэргээр олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж байгаад харамсалтай байна" гэв.
Тэгвэл хохирогч О.Нарангарав "Би өмнө нь олон нийтийн сүлжээнд сэтгүүлчээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсноо мэдэгдсэн. Үүний дараа Б.Эрдэнэсүх ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үзээгүй мэтээр ярьж, "цагаан загас" мэтээр худал мэдээлэл гаргаж, гүтгэн доромжилж байна.
Тиймээс өмнө нь сэтгүүлчтэй ярилцахдаа гаргаагүй нотлох баримтаа дэлгэхээс өөр зам үлдсэнгүй.
Б.Эрдэнэсүх бид хоёр 17 настайгаасаа хамт амьдарч, дөрвөн хүүхдийн эцэг эх, хоёр сайхан ачтай болсон байна. Би олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн. Гэтэл Б.Эрдэнэсүх нь өөрийн үйлдсэн гэмт үйлдлээ нуух, ялаас мултрахын тулд улс төрийн замналаа ашиглаж байна гэж хардаж байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард миний хамрыг хугалсан. Сонгуульд өрсөлдөж байхдаа утааны тухай контент бэлдэх явцдаа сэтгэлд хүртэл ярьсангүй гэж намайг зодсон юм. Ингээд том хүүтэйгээ цуг гэмтлийн эмнэлэг орсон боловч цагдаад мэдүүлэг өгөх шаардлагатай болдог юм билээ. Үүнээс айгаад эмнэлгээс зугтсан.
Ингээд Б.Эрдэнэсүхийн хамаарал бүхий хүнээр дамжуулаад өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Гурван гал эмнэлэгт хамрын хагалгаанд орсон. Уг эмнэлэгт үзүүлсэн дүгнэлтээ нотлох баримтаар цагдаагийн байгууллагад өгсөн боловч хөнгөн зэргийн гэмтэл гэж үзсэн. Үүнийг би Б.Эрдэнэсүхийн нөлөөгөөр хийсэн зүйл гэж хардаж байна. Тэр хүн намайг байнга дарамталдаг. Хэрвээ надаас өөр хүн энэ талаар гомдол гаргасан бол хүнд зэрэг гэдгийг тогтоох байсан болов уу.
Намайг энэ олон жилийн хугацаанд яагаад цагдаад хандаагүй вэ гэж олон хүн асуусан. Би 2012 онд мөн гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаад хандсан. Тэр үед миний үсийг хяргаж, эцэг эх, дүү нарыг маань дарамталсан.
Мөн намайг хүлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаад зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлдэг.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн зургаадугаар сард намайг 10 давхраас шидэх гэж оролдсон. Энэ үед амьд үлдээгээч гэж гуйж, орилж байсан тул хэн нэгэн хүн манай хаалгыг цохисноор амь аврагдсан юм. Хэрвээ тэр хүн байгаагүй бол өнөөдөр би золгүй байдлаар амиа алдсан мэт байх байсан болов уу.
Сүүлийн үед намайг тавилгатай байраа зарсан гэх мэтээр цахим орчинд худал мэдээлэл их явж байна. Өнгөрсөн зургаадугаар сард намайг гэрээсээ хөөсөн тул үр хүүхдүүдтэйгээ ярилцаад БНСУ руу дүү дээрээ очсон. Монголд хууль хүчний байгууллага нь эрх мэдэлтэй талд шийдвэр гаргадаг учраас итгэх итгэлээ алдсан. Тиймээс амиа аврахын тулд хил даваад хүчирхийллийн эсрэг төвд хандсан.
Тэнд байж байтал Б.Эрдэнэсүх нь том хүү болох Б.Оч-Эрдэнийг цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Манай гэр бүлийн дундын бизнес болох компанийн захирал нь миний хадам ээж н.Эрдэнэчимэг гэж хүн бий. Энэ хоёр хүн нийлээд Б.Оч-Эрдэнийг сошиал менежер гэдэг албан тушаалд хоёр сарын өмнө ажилд авсан боловч манай компанийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хулгайлаад явсан гэдэг өргөдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст өгсөн байсан.
Тиймээс би өөрийнхөө амийг аврахын тулд тэнд ганцаараа байж чадаагүй. Гэтэл гуравдагч этгээд хүний зовлонгоор жаргал хийж, намайг үр хүүхдүүдээ хаяад явсан гэх мэтээр худал мэдээлэл тараасанд харамсаж байна.
Би Монголд ирээд хууль хүчний байгууллагынхантай уулзаад явахад дээрх хэргийг шалгаж байсан прокурор нь хулгайн сэдэлтэй гэмт хэрэг бус гэр бүлийн хүчирхийллийн хэрэг байна гэж үзээд уг үндэслэлээр шалгах хүсэлт тавьсанд нь талархаж байгаа.
Уг асуудлаар би олон жил дуугүй тэвчиж ирлээ. Одоо шалгадаг байгууллага нь шалгаад үнэн зөвөөр тогтоож өгөөсэй гэж хүсэж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!