А.Отгонбаатар: Үнэн Ба Зөв Нам байрны түрээст сарын 1.5 сая төлдөг. Өөрөөр зардал гаргадаггүй
Сонгуулийн ерөнхий хорооноос “Улс төрийн намын ил тод байдал” сэдэвт зөвлөгөөнийг Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд өнөөдөр зохион байгуулж байна.
Уг зөвлөгөөнөөр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, бусад улсын туршлага болон ил тод байдал, санхүүжилт, санхүүжилтэд тавих олон нийтийн хяналтын талаар хэлэлцэж байгаа юм.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2025 оноос эхэлж төрөөс санхүүжилт олгож эхэлсэн.
"Үнэн Ба Зөв Нам 2026 онд санхүүгийн тайлангаа гаргаад, хандиваа бодитоор авсан байвал санхүүжилт өгөх боломжтой"
Гэвч Үнэн Ба Зөв Нам тус санхүүжилтээс татгалзсан аж. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "2026 онд улс төрийн долоон намд нийт 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс олгохоор болсон. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ хуулийн дагуу санхүүжилт авч эхэлсэн. Гэхдээ энэ хууль батлагдсанаар анх удаа олгож байгаа биш. Өмнө нь УИХ-д суудалтай намуудад очдог байсан.
Тэгвэл УИХ-д суудалтайгаас үл хамаарч ард түмнээс авсан дэмжлэгт үндэслэж олгож эхэлсэн нь гол онцлог юм. 2025 онд санхүүжилт авсан долоон намын Шинэ Нэгдсэн Эвсэл, Үнэн Ба Зөв Нам нь УИХ-д суудалгүй.
Санхүүжилтийг хуульд заасан томьёоллоор бодож шууд өгдөггүй. Намууд санхүүжилтээ ил тод тайлагнах ёстой. Тухайн нам гишүүд дэмжигчдээс авсан бодит орлого, хандивын хэмжээнд үндэслэж санхүүжилт өгдөг.
Өнгөрсөн жил Үнэн Ба Зөв Нам төрийн дэмжлэг авахаас татгалзсан. Хоёрдугаарт тухайн намын хандив болон санхүүжилт авах нөхцөл нь бүрдээгүй. Үнэн Ба Зөв Нам 2026 онд санхүүгийн тайлангаа гаргаад, хандиваа бодитоор авсан байвал санхүүжилт өгөх боломжтой. Шинэ Нэгдсэн Эвсэл санхүүжилтээ авсан. Харин Үнэн Ба Зөв Нам санхүүжилт авах ёстой хуульд заасан үндэслэл бүрдээгүй.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох систем хийхэд юу шаардлагатай талаар хэлэлцэж байна" гэлээ.
"Манай нам өөрийн гэсэн байргүй, сарын 1.5 сая төгрөгийн түрээс төлж явдаг"
Түүнчлэн уг санхүүжилтээс яагаад татгалзсан талаар Үнэн Ба Зөв Намын дарга А.Отгонбаатар тайлбар өгөв.
Тэрбээр "Манай нам дөрвөн жилийн хугацаанд нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгийг хуулиараа авах ёстой байсан. Бид 2025, 2026 онд авах 270 сая төгрөгийн санхүүжилтээс татгалзсан. Улс төрийн намууд төлөвшөөгүй байна. Намд цүнх баригч, дарга дагасан юмнууд явж байгаа. Тэд яагаад татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинжих ёстой юм. Бид үүнийг одоохондоо зөвшөөрөхгүй.
Харин улс төрийн нам үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад орон байраар хангах нь зөв. 1992 онд ардчилсан хувьсгал явсны дараа улс төрийн намууд ард түмний хөрөнгийг өөрийн өмч болгож авсан. Улс төрийн намаа төлөвшүүлье гэж байгаа бол тэр намуудын байрыг улс төрийн намын нэгдсэн байр болгох ёстой.
Манай нам өөрийн гэсэн байргүй, сарын 1.5 сая төгрөгийн түрээс төлж явдаг. Тогтмол байртай тавхан нам бий. Бусад нь ямар ч байргүй, цүнхний байдлаар явж байгаа.
Үнэн Ба Зөв Нам байрны түрээс өөрөөр зардал гаргадаггүй. Гишүүнчлэлийн хураамж байхгүй, одоогийн байдлаар 819 гишүүнтэй. Ер нь цаашдаа гишүүнчлэл авахгүй гэж зорьж байна. Би 2017 оноос хойш энэ намын авч явахдаа өөрөөсөө 300 сая төгрөг гаргасан байна. Бид төрөөс мөнгө авахгүй. 2024 оны сонгуульд 100 сая төгрөг зарцуулсан.
Манайх улс төрийн намын санхүүжилт авахгүй гэж хүсэлт гаргасан. Төрөөс дэмжлэг авахын тулд намынхаа санхүүгийн тайланг өг гэдэг. Бид энэ жил тэр тайлангаа өгөөгүй. Учир нь санхүүжилт авах шаардлагагүй учраас санхүүгийн тайлангаа өгөхгүй. Санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд өгөх үүрэг хуулиар хүлээгээгүй" гэв.
Зөвлөгөөний зургуудаас:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
