Уншиж байна ...

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголд оролцох иргэн, хуулийн этгээдийн бүртгэл эхэлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна.

Сонсголын гэрчийн нэрсийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан долоон хүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан 39 хүн багтсан.

Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, М.Энхболд, Н.Алтанхуяг, С.Батболд, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гэрчээр дуудсан юм.

Сонсгол явуулах сэдэв:

  • 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудал;
  • 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар;
  • 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл).

Бүртгэл: Сонсголын бүртгэл 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл явагдана.

Шуудангийн хаяг: 14201, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

  • Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаар бүхий хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар  бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө (2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор) бичгээр ирүүлж болох бөгөөд нэр, хаяггүй саналыг бүртгэхгүй болохыг анхаарна уу.
  • Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо танхимын багтаамжаас шалтгаалан хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдыг иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлэх талаар сонсгол зохион байгуулах ажлын албанаас мэдээллээ.