Сүүлийн жилүүдэд суурьшлын бүс рүү зэрлэг амьтад орох, бэртэж гэмтэх тохиолдол нэмэгдэж, хорогдох тохиолдол ихэсжээ.
Энэ тухай Нийслэлийн Байгаль Орчны Газрын ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар "Улаанбаатар хот 470 гаруй мянган га талбайтай. 2021 онд хийсэн судалгаагаар нийслэл хотод 58 зүйлийн хөхтөн амьтан тархсан байна. 470 гаруй мянган га талбай дээр Монгол Улсын хүн амын тал нь суурьшиж буй нь хүн, зэрлэг амьтан хоёрын амьдрах орчин давхцаж байгаа гэсэн үг.
Зэрлэг амьтан өвлийн улирал, ороо нийллэгийн үеэр идэг тэжээл хайх байдлаар шилжилт хөдөлгөөн хийдэг. Нийслэл хотын зуслангийн бүсэд эмх замбараагүй хашаа ихээр барьдаг. Зэрлэг амьтан нь хүн, нохойноос үргэх, идэш тэжээл хайх үедээ эдгээр хашааны шовх үзүүрт сүлбэгдэж, хавчуулагдан хорогдох тохиолдлууд гарч байна. 2018 оноос хойш 44 амьтан хашаанд сүлбэгдэж хавчуулагдан хорогдсон бөгөөд 15 нь ховор амьтны жагсаалтад орсон халиун буга байгаа юм. Үүний улмаас экологи эдийн засгийн үнэлгээгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол учирсан.
Амьтдыг энэ төрлийн хорогдлоос сэргийлэх зорилгоор зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг батлуулж, 2025 оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж байна. Хашааны стандарт нь Улаанбаатар хотын зуслангийн бүс, Богдхан уул, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг хамарна. Эдгээр бүсэд хашааны өндрийг 120 метр, доод талыг газрын гадаргаас 45 см-ийн зайтай, хашааны багана хоорондын зайг 7 см байхаар заасан. Стандартыг мөрдүүлэхээр амралтын өдрүүдэд 60 гаруй иргэн, ААН-д хүргээд явж байна.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хустайн нуруунаас халиун буга нүүдэллэж ирдэг тул хашааг стандартын болгож засууллаа.
Зуслангийн бүсэд байгаа айл өрхүүд хашаагаа амьтдад ээлтэй стандартад нийцүүлэхийг анхааруулж байна" хэмээн мэдээллээ.
Амьтад хашаан доторх өвсийг идэх гэж орохдоо хашаанд сүлбэгдэж хорогддог тул шовх хэсгийг тэгшилж засварлахыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!