Сингапур – 2025 оны 11 дүгээр сарын 20. “Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Сингапур 2025” арга хэмжээ хоёр дахь жилдээ Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдаж, ОУ дахь Монголын хөрөнгийн зах зээлийн байр суурь бэхэжсээр буйг буюу гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсээр буйг харууллаа.
“CMM – Capital Markets Mongolia” компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү хөрөнгө оруулалтын форум нь ОУ-ын хөрөнгө оруулагчид, томоохон санхүүгийн байгууллагуудын болон дотоодын тэргүүлэх компаниудын төлөөлөл бүхий 150 гаруй оролцогчдыг хамарсан арга хэмжээ болж өнгөрлөө.
Арга хэмжээг албан ёсоор нээж Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр үг хэлсэн билээ.
Тус форумын ОУ-ын хамтран ажиллагчаар “StoneX Group”, стратегийн хамтран ажиллагчаар “Frontier Strategies”, ивээн тэтгэгч байгууллагаар Голомт Банк тус тус ажиллаж, Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын ЭСЯ-тай нягт хамтран ажилласны үр дүнд “Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Сингапур 2025” амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн форум ГШХО болон бондын зах зээл гэх үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. Олон улсад Монголын зээлжих зэрэглэл сайжирч 13 жилийн дараа ‘BB-’ түвшинд хүрснээр 5 тэрбум ам.долларын Монголын бондын зах зээл гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татав. 2025 оны III улирлын байдлаар ДНБ 5.9%-р өсөж, хүлээлтээс давсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг улам ихээр бэхжүүлэв.
Арга хэмжээнд Монголоос 20 гаруй дотоодын тэргүүлэх компаниуд оролцов. Тэр дундаа олон улсад бонд гаргагчид болох Mongolian Mining Corporation (MMC), Голомт Банк, Монголын Ипотекийн Корпораци (МИК) тус форумд оролцлоо.
Мөн Монложистикс Холдинг болон ICFG компаниуд хөрөнгө оруулагчдад танилцуулгаа хийснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татлаа.
Монгол хөрөнгө оруулалтын форумд ОУ-ын тэргүүлэх хөрөнгө оруулалтын банкууд болох Goldman Sachs, J.P. Morgan, Morgan Stanley, Deutsche Bank, DBS Bank оролцлоо.
Мөн олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө удирдагчид болох Prudence, UBS Asset Management, BlackRock, UOBKH, Eightstone, Arkkan, Abele, TCW Group, Ashmore, Tribeca Investment, Aegis зэрэг нийтдээ 100 гаруй ОУ-ын оролцогч Монголын Хөрөнгө Оруулалтын Форумд тус өдөр нэгдсэн нь форумын цар хүрээ болон ач холбогдол жил бүр тасралтгүй нэмэгдсээр буйг харуулж байна.
Монголын хөрөнгийн зах зээлийн ОУ дахь байр суурийг бэхжүүлэх нь:
“Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Сингапур 2025” нь амжилттай өндөрлөснөөр Монгол Улс ОУ-ын зах зээлд сонирхол татахуйц өрсөлдөгч, хөрөнгө оруулалтын шинэ чиглэл болон дэвшиж буйг илтгэж буй.
CMM нь дараагийн жилүүдэд “Mongolia Investment Forum”-г жил бүр уламжлал болгон Сингапур, Нью-Йорк, Лондон, Шанхай хотуудад зохион байгуулах бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн урт хугацаан дахь хөгжлийг дэмжих үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.
“CMM – Capital Markets Mongolia”-н тухай:
Capital Markets Mongolia (CMM) нь судалгаа, зөвлөх үйлчилгээний компани. CMM нь Монголын компаниудад олон улсаас санхүүжилт татах дээр зөвлөж ажилладаг бөгөөд мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд нэвтрэхэд нь зөвлөдөг. Үүний хүрээнд CMM нь Монголын хөрөнгө оруулалтын форумуудыг зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын талаар бүх төрлийн судалгаа, мэдээлэл тогтмол хүргэж ажилладаг.
Хэвлэл, мэдээлэлтэй холбогдох: info@capitalmarkets.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!