Уншиж байна ...

М.Мөнх-Эрдэнэ: Гэр хорооллын айл өрхийн өглөөний 06:00-09:00 цагийн цахилгааны хэрэглээг 100% хөнгөлж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг энэ сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэлсэн. Өглөөний 06:00-09:00 цагийн цахилгааны хэрэглээг хэрхэн тооцож байгаа талаар албаны хүн тайлбар өгөв.

"УБЦТС" ТӨХК-ийн борлуулалтын албаны дарга М.Мөнх-Эрдэнэ "2025 оны хоёрдугаар сард цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт олгох журамд хоёр төрлийн өөрчлөлт орсон юм.

Нэгдүгээрт шөнө хэрэглэх цахилгаан эрчим хүчний хязгаарт 220В-ын хэрэглэгчийн хувьд 1,500кВц хүртэлх хэрэглээг 100%, 1,500 кВцагаас илүү хэрэглэсэн хэрэглээг 50% хөнгөлөхөөр, 380В-ын хэрэглэгчийнхийг 3,000кВц хүртэлх хэрэглээг 100%, 3,000кВцагаас илүү хэрэглэсэн хэрэглээг 50% хөнгөлөхөөр болсон.

Хоёрдугаарт өглөөний 06:00-09:00 цагийн цахилгааны хэрэглээг 100% хөнгөлөх журам батлагдсан.

Өнгөрсөн хоёрдугаар сард өглөөний 06:00-09:00 цагийн хэрэглээний хөнгөлөлтийг тооцож гаргахдаа нэг цагт ногдох өдрийн дундаж хэрэглээг тооцон гаргах аргачлалыг ашиглан 6-9 цагийн буюу гурван цагийн хэрэглээгээр үржүүлэх байдлаар тооцож, 100% хөнгөлөлт үзүүлж байсан.

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ухаалаг тоолууртай хэрэглэгчдийн тоолуурын өглөөний 6-9 цагийг программчлан хэрэглээг тоолох байдлаар 100% хөнгөлдөг бол бусад тоолууртай хэрэглэгчдийн 6-9 цагийн хэрэглээг өдрийн нэг цагт ногдох дундаж хэрэглээг гаргаж, 3 цагаар үржүүлэх аргачлалаар 100% хөнгөлж байгаа.

Өөрөөр хэлбэл тоолуурын төрлөөс хамааран 6-9 цагийн цахилгааны хэрэглээг хоёр төрлийн аргачлалаар тооцож байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтийг тооцохдоо 20%-ийг хөнгөлөөд 80%-ийг хэрэглэгч өөрөө төлж байгаа гэдэг нь ташаа ойлголт юм" хэмээн мэдээллээ.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.