Уншиж байна ...

Ч.Хувьзаяа: Байнгын дүрэм зөрчдөг, осол гардаг 37 байршилд хяналтын камер суурилуулахаар тендер зарласан

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод байнгын замын хөдөлгөөний зөрчил, осол гардаг 37 байршилд хяналтын камер суурилуулахаар болжээ.

Энэ тухай ЗХУТ-ийн дарга Ч.Хувьзаяа "Энэ онд теле камерын нэгдсэн төв байгуулж, нийслэл хотын 176 уулзварт 2,606 камер суурилуулж авто замыг бүрэн камержуулаад байна. Нийслэлийн есөн дүүрэгт хяналтын дэд төвтэй болсон юм. Улаанбаатар хотын 150 гэрэл дохио бүхий уулзварт хиймэл оюун ухаанд суурилсан, 26 уулзварт энгийн буюу харах зориулалттай өндөр цамхагт камерыг суурилуулсан юм.

Хиймэл оюун ухаанд суурилсан камер тээврийн хэрэгслийн өнгө, улсын дугаар, төрөл, үйлдвэрлэгч буюу загварыг таньдаг бөгөөд өдөрт нэг сая зөрчил илрүүлдэг. Нэг сая зөрчлийг баталгаажуулахын тулд 3,000 албан хаагч ажиллах болох юм.

Есөн дүүргийн дэргэдэх хяналтын дэд төвийн системд гэр хороолол, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол, хотхон, зах, худалдааны төв, хувийн байгууллага, ААН-үүдийн камерыг холбохоор серверүүдийг авч, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах,  Дата төвийн стандартад нийцүүлэх ажлыг НЗДТГ-аас зохион байгууллаа.

Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хуульд тухайн байгууллага, ААН гаднаа хяналтын камертай байх, түүнийгээ цагдаагийн байгууллага, дэд төвийн системд холбохыг заасан байдаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд хуулийн дагуу шаардлагыг тавьж байна. Өнөөдрийн байдлаар 6,070 хяналтын камер дэд төвийн системд холбогдох ёстойгоос 714 камер холбогдсон. Холбогдоогүй 3,974 камер хэвийн ажиллаж байгаа бол 2,098 камер ажиллахгүй байгаа. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 2,098 камерт засвар үйлчилгээг хийхээр тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.

Теле камерын нэгдсэн төв болон дэд төвүүдийн камерын мэдээллийг тусгай чиг үүргийн байгууллага ашиглана. Камерын арчлалтыг ашиглагч байгууллага хариуцна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар хорооны санхүүжилтээр нийслэл хотын байнгын дүрэм зөрчдөг, осол гардаг 37 байршилд хяналтын камер суурилуулахаар тендерийг зарласан байгаа" хэмээн мэдээллээ.

10 хоногийн бүрэлдэхүүнтэй 24/7 цагаар ажилладаг Хяналтын камерын хэлтэс ЗХУТ-д байгуулж, тусгай чиг үүргийн байгууллагад мэдээллийг гаргаж өгдөг бөгөөд кибер аюулгүй байдлын төхөөрөмжийг ашигладаг байна.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд тусгай чиг үүргийн байгууллагаас камерын бичлэг гаргуулах 1,000 гаруй хүсэлт иржээ. Эдгээрийн 67%-ийн нотлох баримтыг гаргаж өгчээ. Тухайлбал зам тээврийн ослын 240, хулгай, дээрэм, хар тамхитай холбоотой 202, тээврийн хэрэгслийн хаагуур явсан зорчилтын талаар 238 байна.

Хяналтын камераас хойшлуулшгүй ажиллагаанд 85 нотлох баримт гаргаж өгчээ.

Замын хөдөлгөөний камераар илрүүлсэн зөрчлийн статистик мэдээлэл:

зураг
 
зураг
 

Хяналтын камераар өнгөрсөн долоо хоногт өндөр торгуультай зөрчилд 500 орчим тээврийн хэрэгсэлд 98 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон 488 зөрчилд хариуцлага тооцсон байна.