Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор ОХУ-ын Москва хотод очоод байна.
Тэрбээр өчигдөр ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзжээ.
Уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч, ажиллаж буйгаа илэрхийлсэн байна.
Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал стратегийн түнш бөгөөд хоёр орны иргэд хоорондын урт хугацааны уламжлалт нөхөрлөл, харилцан итгэлцэл, дэмжлэг дээр суурилдаг болохыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн онцоллоо.
Талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!