УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр боллоо.
Уг хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хэлэлцсэн байна.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан Намын бүлгийн гишүүд хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө.
Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй. УИХ бол зөвшилцлийн танхим, энд аль нэг намын эрх ашгийг эрхэмлэж буй намын дарга суух нь парламент ёсны бэхжилтэд зохистой асуудал биш гэдгийг олон улсын парламентын жишгээс судалж үзээд хуулийн төсөл бэлдэж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Та бүхэн сүүлийн сар гаруй хугацаанд Монгол Улсад өрнөсөн үйл явцыг анзаарсан байх. Энэ үйл явцад татагдаж ороогүй төрийн байгууллага байхгүй болох гэж байна. Намуудын талцал хуваагдал, улс төрийн эрүүл өрсөлдөөн гэхээс илүүтэй албан тушаалын зодоон болж хувирсан.
Энэ зөвхөн Монголд болсон үйл явдал биш. Дэлхий нийтэд ийм үйл явдал болсон байна. Үүнээс сургамж аваад парламент гэдэг олонх цөөнхөөрөө мэтгэлцэж, бодлогоо уралдуулж, ойлголцож энэ улс орныг авч явдаг суурь тогтолцоо. Улс бүрэн эрхэд байдлыг УИХ буюу парламент илэрхийлдэг.
Тиймээс УИХ-ыг нэг намын хурал болгохгүй, нэг намын даргын бүжиглэдэг талбар болохгүй байхын тулд дэлхий нийтээрээ парламентын дарга намаасаа түдгэлздэг.
Монгол Улс ч гэсэн УИХ-ын дархлаа, улс орны бүрэн эрхэд байдлыг илэрхийлж байдаг мөн чанарыг гээхгүй байхын тулд намын дарга парламентын толгой дээр сууж байдаг биш. Харин намуудын эрүүл мэтгэлцээнийг өрнүүлдэг төвийг сахигч улс төрч нь парламентын голд зогсдог. Эр зоригтой, эрч хүчтэй нь Засгийн газар руу очдог олон улсын туршлагаар явах ёстой юм байна.
УИХ-ын даргыг давхар ажиллах эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой тавьж өгөх ёстой. Намаасаа түдгэлздэг байх ёстой гэсэн зарчмын дагуу хуулийн төсөл өргөн барих санаачилга гаргаж, бүлэг дээр танилцуулаад дэмжлэг авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!