Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна.
Тодруулбал зохион байгуулалттай бүлэг этгээд өчигдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Замын Үүд олон улсын боомтоор БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг тагнуулынхан саатуулан шалгаж байгаа аж.
Ташрамд дурдахад Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд тавих хяналтыг чангатгахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу улсын эдийн засагт ноцтой хохирол учруулахуйц хэд хэдэн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд байна.
Тухайлбал зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Дээрх бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют гадагшлуулсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!