Уншиж байна ...

Төв, зүүн аймгуудад цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр/2025.11.15/ Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Арваннэгдүгээр сарын 15-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -2...-7 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРТ: Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч -11...-13 градус хүйтэн байна.

 БАГАНУУРТ: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -11...-13 градус хүйтэн байна.

 ТЭРЭЛЖИД: Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч -12...-14 градус хүйтэн байна гэж мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах
  • Дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  • Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.