2026 оны улсын нэгдсэн төсвийг Улсын Их Хурал (УИХ) эцэслэн баталсан.
Төсөвт тэтгэвэр, тэтгэмж хэрхэн тусгагдсан талаар Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны сайд Т.Аубакир "Энэ удаагийн төсвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн тэтгэмж болон бусад үйлчилгээнээс нэг ч төгрөг хасагдаагүй.
Эсрэгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авдаг тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлсэн.
Ирэх онд тэтгэврийн хувь хэмжээг 2023 онд батлагдсан хуулийн дагуу 8.6 хувиар буюу 477.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Засгийн Газрын зүгээс баримталж байгаа бодлогоор бол бага тэтгэвэр авдаг буюу хувь тэнцүүлсэн бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Гэхдээ хууль батлагдсантай холбоотойгоор Засгийн Газар дээр тэтгэвэр нэмэх аргачлалыг батлах ёстой. Бидний зүгээс бага тэтгэвэр авдаг иргэдийнхээ тоог цаашид нэмэгдүүлэх зорилготой.
2026 онд нийт 537,000 орчим иргэн тэтгэвэр авна гэсэн тооцоолол бий. Эдгээр иргэдийн тэтгэврийг жигд 8.6 хувиар нэмэгдүүлэх үү эсвэл бага тэтгэвэр дээрээ ₮100,000 орчим нэмээд ₮689,000 болгох уу гэдэг нь удахгүй тодорхой болно.
Инфляцтай уялдуулж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хуулийг 2023 онд батлагдсантай холбоотойгоор 8.6 хувиар нэмэхээр төлөвлөсөн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!