"Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд ₮884 тэрбум зориулна. Бусад зардлаас шилжигдсэн учир инфляцад бага нөлөөтэй"
2026 оны улсын нэгдсэн төсвийг Улсын Их Хурал эцэслэн баталсан.
Батлагдсан төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Х.Ганхуяг, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "2026 оны төсөв хуулийн хугацаандаа амжилттай батлагдлаа. Амжилттай гэдэг нь Засгийн газраас есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөлд тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн ч төсөвт зарим макро үзүүлэлт сайжирч гарлаа.
Эдийн засаг 2026 онд 5.7 хувь өсөх, ДНБ 102.4 их наяд төгрөгт хүрэх гол өөрчлөлтүүдээ хадгалж чадсан.
Ирэх оны тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, урсгал зардал 24.9 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байхаар батлагдаж, гол том тоонууд өөрчлөгдөөгүй. Алдагдлыг 1 их наяд төгрөг болгон бууруулж баталсан. Эдийн засгийн өсөлт 5.7 хувиа хадгалж чадсан.
2026 оны улсыг УИХ-д өргөн барьснаас хойш УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийн саналууд, салбаруудад орсон нийт өөрчлөлтийн дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг болж байна.
Үүний
- 72 хувь буюу 969.1 тэрбум төгрөг нь урсгал зардалд
- 884 тэрбум төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд
- хөрөнгө оруулалтад 382.1 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болсон.
Гэхдээ эдгээр өөрчлөлт нь зардал нэмэгдсэн гэсэн үг биш бөгөөд одоо байгаа урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд зохицуулалт хийж, нэгээс нөгөө рүү нь шилжүүлсэн. Иймээс инфляцад ирэх дарамт багатай. Хэрэв эдгээр дүнгээр суурь зардал дээр шинээр нэмэгдсэн бол инфляцад ихээхэн дарамт ирэх байсан.
Батлагдсан хөрөнгө оруулалтын зардал 3.2 их наяд төгрөг. Засгийн газраас өргөн барьсан дээр 12.9 тэрбум төгрөг нэмэгдэж батлагдсан. Үргэлжлэх хөрөнгө оруулалт 2.2 их наяд төгрөг байсныг 486.9 тэрбум төгрөгөөр бууруулсан.
Засгийн газраа шинээр 149 төсөл хэрэгжүүлэхээр өргөн барьсан бол УИХ батлахдаа 296 төсөл болгож, нийтдээ 500 тэрбум төгрөгөөр санхүүжилт 147 төсөл нэмсэн" гэлээ.
Шууд дамжуулалт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
