ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс муудаж, хүйтэрнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 11 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

Өнөөдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор -3...+2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -13...-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 

Завхан, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Орхоны нутгаар цасан шуурга шуурна.

Мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.