Улсын хэмжээнд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогын арга хэмжээг 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 4-ний хооронд 30 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Иймд иргэн, хуулийн этгээд та өөрийн эзэмшилд байгаа бүртгэлтэй галт зэвсгээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлж, хууль ёсны эзэмшигч гэдгээ баталгаажуулахыг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас санууллаа. Мөн бүртгэлгүй, эх сурвалж нь тодорхойгүй галт зэвсгээ дурдсан хугацаанд бүртгэлжүүлбэл арга хэмжээний хүрээнд торгуулийн арга хэмжээ тооцохгүй гэлээ.
Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслээ бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу “Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!