УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл:
"Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан ба тэдгээрийг нийт 55.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслүүдийн 44.8 хувь буюу 39 төслийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7 хувь буюу 25 төслийг гадаадын зээл, тусламжаар, 16.1 хувь буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар, 3.4 хувь буюу 3 төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр, 2.3 хувь буюу 2 төслийг Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасаар, 3.4 хувь буюу 3 төслийг холимог эх үүсвэрээр, 1.1 хувь буюу 1 төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх юм. Тухайлбал, зарим томоохон төслүүдийг дурдвал,
Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарт нийт 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд боловсролын салбарт улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэгийг, эрүүл мэндийн салбарт Зүрх судасны үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв-ІІ, Халдварт өвчин судлалын төв-ІІ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг, шинжлэх ухаан, соёлын салбарт Байгалийн шинжлэх ухааны музей, Үндэсний урлагийн их театр, Хүүхдийн номын ордон, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг барьж байгуулна.
Боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарт нийт 18.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, мөн экспортын тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр зам болон авто замын холболтын төслүүдийг хэрэгжүүлнэ.
Эрчим хүчний салбарт 15.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Баянгийн 660 МВт-ын Дулааны Цахилгаан Станц, Тавантолгойн 450 МВт-ын Цахилгаан Станц, Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц, Дулааны У Цахилгаан Станцыг шинээр байгуулна.
Бүсчилсэн хөгжлийн хүрээнд 13.6 их наяд төгрөгийн 36 төслийг хэрэгжүүлнэ. Үүнд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Нийтийн тээврийн дүүжин зам, төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц төсөл, баруун, зүүн, хангай, төвийн бүсийг холбосон авто замын төслүүд багтана. Тухайлбал, Чойр-Мандалговь-Арвайхээр, Бор-Өндөр-Хэрлэн, Улиастай-Алтай, Ховд-Улаангом, Баянхонгор-Шаргалжуут, Өлгий-Цэнгэл, Төв аймгийн холболтын зэрэг 10 гаруй чиглэлийг шинээр хатуу хучилттай авто замаар холбоно.
Төрийн институцийн чадавх, гамшгийн эрсдэлийн удирдлага болон үндэсний аюулгүй байдлын хамгаалалтыг бэхжүүлэхэд нийт 1.98 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тус тус төлөвлөсөн гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!