Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ үеэр Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Эдгээр төсөл нь экспортын тээвэр, бүс нутгийн эдийн засгийн интеграци, хил дамнасан холболтыг өргөтгөх стратегийн ач холбогдолтой.
Мөн жилд 60-70 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэж, экспортын орлого 2-3 тэрбум ам.доллароор нэмэгдэн, эдийн засгийн өсөлт 1.5 нэгж хувиар өсөх боломж бүрдэх юм.
Түүнчлэн боомтын нэвтрүүлэх чадвар сайжирч, бүс нутгийн хөгжлийн тэнцвэр хангагдан, Монгол Улс бүс нутгийн ложистикийн төв, дамжин өнгөрөх тээврийн стратегийн зангилаа болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!