Уншиж байна ...

"Улсын хил дээр Хятад компанид газар олгоод тэр компани нь Монгол тээвэрчдээс төлбөр авдаг болсон асуудлыг эсэргүүцэж байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрс гаргадаг Монгол Улсын хилийн боомт хэсэг бүлэг хүнд зарагдаж, давуу эрх бий болсон гэх асуудлаар нүүрс тээвэрчид өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тээвэрчдийн төлөөлөл н.Саарал  "Монгол Улсын хилийн гарцыг БНХАУ-ын талд өгснөөс болж тухайн гарцаар хятад эзэнтэй машинууд өдөр болгон нэг эргэлтийг дараалалгүйгээр явж хийж байна. Татаасгүй, дарга ахгүй, авлигал өгөх мөнгөгүй хүмүүс 30-45 хоногийн хугацаанд ганц эргэлт хийх гэж тарчилж байна. Та бүхний гэрийн чинь үүдэнд нэг нөхөр хаалга барьчхаад гэр рүүгээ орох болгонд мөнгө нэхээд байвал яах вэ?

Тэр гарцанд дээр орж гарч байгаа машин болгоноос 240,000-250,000 төгрөг нэхэж авч байна. Бид өндрийн хаалт шиг багана төмрийн дундуур гарахын тулд яагаад Хятадын компанид мөнгө төлөх ёстой юм бэ?" гэдгийг онцлов. 

Иймд тээвэрчид улсын хил дээр хятадын компанид газар олгоод тэр хятад компани нь төлбөр авдаг болсон асуудлыг эсэргүүцэж байгаа. Өмнөх Засгийн Газрын олгосон шийдвэрийг одоогийн Засгийн газар нь цуцлахыг шаардаж байгаа аж. 

"Монгол Улсын хилийн боомт дээр Хятадын компани тусгай гарц, давуу байдал эзэмшдэг байдал үүссэн байна. Үүнээс болж тээврийн эргэлт удааширч байна"

Үргэлжлүүлэн тээвэрчид "Хамгийн бүдүүн гахай өдөр болгон нэг эргэлт, удаах гахай гурав хоногт нэг эргэлт, эгэл жирийн нүүрс тээвэрчид 30 хоногт нэг эргэлт хийж байна. 

Хилийн нэвтрэлт сайжирч байна гээд мэдээгээр гараад байдаг хэрнээ нүүрс тээвэрт явдаг хүмүүс 30 хоногт нэг эргэлт хийж байна. Монгол Улсын хилийн боомт дээр Хятадын компани тусгай гарц, давуу байдал эзэмшдэг байдал үүссэн байна. Үүнээс болж тээврийн эргэлт удааширч тээвэрчид ажил амьжиргаагаа алдсан гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Том худалдан авагчид 2,000-3,000 машинтай. Монголын тээвэрчдийг ажилгүй, ачаагүй зогсоож байна"

Мөн тээвэрчдийн төлөөлөл "Үеийн үед давруулсаар ирсэн нүүрсчдийн бүлэглэл нь Монголын тээвэрчдийг ажилгүй, ачаагүй зогсоож байна. Жишээ нь өдөрт нэг худалдан авагч өөрсдөө 2,000-3,000 машинтай. Дотоодын аж ахуйн нэгжийн машиныг шахаж хавчин тээвэр хийлгэдэггүй. Тээврийн ханш ул руу унасан. Өр зээлтэй 3,000 гаруй аж ахуйн нэгж байна. Нийт 1 их наяд төгрөгийн зээлтэй. Одоогийн байдлаар 560,000 гаруй сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй байна. 

Бид улсаас халамж хүсээгүй. Эх орныхоо эдийн засгийг өсгөхийн төлөө өдөр, шөнө, нойр хоолгүй кабиндаа унтаад явж байгаа тээвэрчдэд ашиг гэж юм алга. 

Дотоодын тээвэрчдэдээ тээвэрт оруулж зах зээлийн шугамаар биднийг бодит тэнцүү, шударга өрсөлдөөнд гаргаж өгөхийг л хүсээд байгаа. Том худалдан авагчид 2,000-3,000 машинтай, охин компаниудаараа салаалаад явчихсан.

Дотоодын хувь нийлүүлсэн тээвэрчид энэ тээврээс шахагдаад богино тээвэрт гэхэд сардаа ганц, уртын тээвэрт жолоочийнхоо цалинг өгөөд 600,000 төгрөгтэй л үлдэж байна. Үүнээс машины элэгдэл хорогдол гээд л дуусдаг" гэв.