УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд боллоо.
Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэг өрнөв. Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр ирэх онд хэрэгжүүлэх барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтын зардлыг шийддэг билээ.
Энэ үеэр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, өөрийн тойрогтоо барилга, байгууламж барих төсвийг шийдэх боломжтой юм.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж дууссантай холбогдуулан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 07-нд явуулсан гурав дахь хэлэлцүүлгийн үед Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололд нийцүүлэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ангиллын нэг дэх саналд үндэслэн ажлын хэсгээс гаргасан дэмжигдсэн саналуудыг төсвийн тооцоололд бүрэн тусгаж, үүнд үндэслэн бусад дэмжигдсэн саналуудтай холбоотой тооцооллыг хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэхээр боллоо.
Ийнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!