Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр 18.00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа.
Аливаа улс хөгжлийн бодлогоо таван жилээр тодорхойлж, түүнийхээ дагуу төсөл, хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлдэг. Манай орон ч зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө тав, таван жилээр хөгжлөө тодорхойлж байсны илрэл нь зарим хүнийг V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч гэх тэмдгээр төрөөс шагнадаг явдал. Өдгөө ч БНСУ, БНХАУ зэрэг зарим улс хөгжлөө энэ хугацаагаар тодорхойлсоор буй. Тэгвэл Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгтэй уялдуулж боловсруулсан аж. Эл үндсэн чиглэлийн нэгдүгээрт хүний хөгжлийг эрэмбэлж, иргэн бүр чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэнэ хэмээн тодорхойлжээ.
Боловсролын чанарыг дээшлүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэг, сургуульд хамруулах, багш нарын цалинг шат дараатай нэмэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эрүүл мэндийн салбарт анхан шатны тусламжийг хүртээмжтэй болгож, аймаг сум бүрд MRI, лабораторийн тоног төхөөрөмж суурилуулах гэнэ. Ингэснээр монгол хүний хөгжлийн индекс 0.81-ээс дээш түвшинд хүрэх зорилт дэвшүүлжээ.
Удаад нь нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг тодорхойлсон аж. Үүндээ ажилтай, орлоготой дундаж давхаргыг нэмэгдүүлэх, шинээр 150,000 гаруй ажлын байр бий болгох, цалин, нийгмийн даатгалын уялдааг сайжруулан уг давхаргын эзлэх хувийг 60-д хүргэхээр тооцоолсон байна. Мөн амьдралын чанарыг өсгөж, орон сууцны хангамжийг сайжруулан 100,000 өрхийг ипотекийн болон түрээсийн байртай болгох зорилт энэ таван жилд дэвшүүлсэн аж.
Эдийн засгаа төрөлжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин, зэс, нүүрс, мах, ноолуурын гүн боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөж. Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг жил бүр дунджаар зургаа болон түүнээс дээш түвшинд хадгалах зорилт тавьжээ.
Нүүрснээс хамааралтай эдийн засгийн багасгаж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30-д хүргэх, ойн санд нөхөн сэргээлт хийж, нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэхээр тусгасан байна.
Төрийг шударга, ил тод болгож, авлигатай хатуу тэмцэх зорилт үе үеийн Засгийн газрын зорилтод тусгадаг. Үүнийг ч засаглал, дижитал шилжилт хөтөлбөртөө багтаажээ. Бүсийн хөгжлийн хүрээнд аймаг, сум бүр ажлын байр, үйлдвэрлэлтэй болохын тулд орон нутгийн хөгжлийн 91 төв байгуулахаар тусгав. Энэ хүрээнд дэд бүтэц, зам, ложистикийг сайжруулахаар төлөвлөсөн байна.
Бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчныг сайжруулах зорилтын хүрээнд татвар, гаалийн шинэчлэл хийж, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжсэнээр Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын 50 орны тоонд багтана гэж төсөөлжээ.
Шинжлэх ухаан, технологид суурилсан шинэ эдийн засгийг бүрдүүлэх, инновац, судалгаа, цахим технологийн үр дүнг бодит үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинэ мэдлэг, шийдэл, бизнесийн үндэс суурийг тавихаар ирэх таван жилийн төлөвлөгөөнд тусгасан байна.
Эдгээрийг боловсруулахдаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулснаараа олон улсын өмнө хүлээсэн манай улсын үүрэг, амлалтыг биелүүлэхэд чухал алхам болсныг албаныхан онцолсон юм.
Г.Цолмон
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!