Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмж, ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардаж өнөөдөр төрийн ордны гадна үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийллээ.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 111,000 гаруй иргэн бий бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж 397,000 төгрөг, асаргааны тэтгэмж болох 302,000 төгрөг нь өнөөгийн амьжиргааны өртгийг хангахгүй, амьдралын баталгаагүй хэмжээнд хүрсэн хэмээн Ээлтэй ертөнц ТББ-ын мэдэгдэлд дурджээ.
Мөн Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооноос "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсохыг шаардаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны мөнгө, халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэхийг шаардаж байна" гэлээ.
Тэд ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ч гудамж талбай, барилга байгууламжийн хүртээмжтэй байдал саад учруулж буйг энэ үеэр онцолж байв.
Цасан шуургатай энэ өдөр үзэл бодлоо илэрхийлсэн эдгээр иргэнтэй УИХ-ын гишүүн О.Саранчулуун болон Ж.Баясгалан нар гарч ирж уулзан шаардлагыг нь бусад гишүүнд дамжуулахаар хүлээн авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!