УИХ-ын чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаа худаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаа худаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төсөлд тусгажээ.
Зарим гишүүний зүгээс Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн ахалж байсан Засгийн газрын байгуулсан гэрээнүүдийг шалгах санаачилга гаргаж байгаа нь зохимжгүй, өмнө нь УИХ-аас Л.Оюун-Эрдэнийг санаачилсантай адил зорилготой ажлын хэсэг байгуулан, ажлаа эхлүүлсэн тул дахин хянан шалгах түр хороо байгуулах шаардлагагүй гэдэг байр суурь илэрхийлж байв.
Ийнхүү санал Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад олонхын санал авч чадсангүй. Энэ үед УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Би саналын томьёоллоо уншаагүй байна. Тиймээс дахин санал хураалт явуулъя" гээд дахиулах болов.
Хоёр дахь санал хураалтад мөн л олонхын санал авч чадсангүй.
Ингээд гурав дахиа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүний 50 хувь нь дэмжиж, 50 хувь нь эсрэг санал өгөв. Аливаа хууль, тогтоолын төслийг олонх нь дэмжсэн тохиолдолд батлагдсанаар тооцдог. Гэвч энэ удаад хянан шалгах түр хороо байгуулах асуудал олонхын санал авсангүй.
Үүнээс бол гишүүд маргалдаж, эсрэг санал өгсөн гишүүд танхимыг орхин гарлаа.
Гэтэл уг асуудлаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж уг хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийдэж чадаагүй тул УИХ-ын Тамгын газрын хуульчаас тайлбар хүсэв. Ингээд Тамгын газрын тайлбараар санал хураалт явуулаад хуралдаан даргалагч алх цохиогүй учир уг асуудлаар завсарлага өгч болно гэснээр хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг ирэх Даваа гарагт болгон хойшлууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!