Уншиж байна ...

Казахстан улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсанд тооцов.

зураг
 

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар Казахстанд Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын 564 иргэн оршин сууж байна.

Энэхүү гэрээ соёрхон батлагдсанаар иргэдэд хоёр боломж нээгдэнэ. Нэгдүгээрт 1998 оноос өмнө Казахстан улсад шимтгэл төлж байсан иргэд ажилласан жилээ тооцуулаад Монгол Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах боломжтой. Хоёрдугаарт Монгол Улсын иргэн 1998 оноос хойш Казахстан улсад шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврээ Казахстанд улсаас буцааж авах боломж нээгдэнэ.

Нөгөө талаас дан ганц Казахстанд буй Монголчуудын асуудал биш. Хоёр улсын иргэд Монгол болон Казахстанд ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстанаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэнэ.

Жишээлбэл Монгол Улсын 60 настай эрэгтэй иргэн Монгол Улсынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн 18 жил төлсөн, Казахстан улсад 1990-2015 оны хооронд нийт 15 жил ажиллаж шимтгэл төлсөн бол Монгол Улсад 18 жил төлсөн шимтгэл болон Казахстан улсад 1998 оноос өмнө найман жил шимтгэл төлснөөр тооцож, эдгээр хугацааг нэгтгэн нийт 26 жил шимтгэл төлснөөр тооцож, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тоолгож авах нөхцөл үүснэ. 

Казахстан улсад 1998 оноос хойш долоон жил шимтгэл төлсөн бол тус улсаас төлсөн шимтгэлтэй уялдсан хуримтлалын тэтгэвэр тогтоолгож Монгол Улсад шилжүүлж авах эрх үүснэ хэмээн хуулийн төсөл санаачлагчид мэдээлэл өгч байсан юм.